images

Таван сая долларын хувийн хөрөнгөөр Улаанбаатарт бага сургууль барьжээ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-27


    Австралид аж төрдөг Олонбаярын Оюунцэцэг нь Монголын телевизэд мэдээний нэвтрүүлэгчээс загвар зохион бүтээгч болсон нэгэн юм. Тэрбээр саяхнаас австрали нөхөр Кристофер Найтынхаа хамтаар монгол хүүхдүүдэд төрөлх хэлээрээ ярихад нь чиглэсэн хөтөлбөр эхлүүлжээ. Тэд Австралид амьдарч байгаа монгол хүүхдүүдийг хамруулсан рагбигийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн бөгөөд бэлтгэл дээрээ монгол хэлээр ярихад нь тусалдаг гэнэ. О.Оюунцэцэг Австралийн SBS world news-д энэ тухайгаа ярихдаа “Монгол хэл бол манай үндэстний бэлгэ тэмдэг. Тиймээс бид энэ хэлээ ирээдүйдээ өвлүүлэн үлдээх ёстой" гэжээ. Сиднейд амьдардаг тус хос нь хоёр хүүтэй бөгөөд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ соёл, өв уламжлалаа хадгалж өвлүүлэх тал дээр маш их анхаардаг талаараа ийн хуваалцсан байна. Мөн тэд гэртээ тогтмол монгол хэлээр ярих дасгал хийдэг бөгөөд 17 настай хүү Гэрэлт-Од нь "Би монгол хэлээр ярих дуртай, үүнийгээ ч мартахыг хүсдэггүй" хэмээн ярьсан байна. Харин 39 настай К.Найт “Австрали дахь монгол гэр бүлүүдэд хэл, соёлоо хадгалан үлдэх нь маш хэцүү. Тэд үр хүүхдүүдээ сайхан ирээдүйтэй болгохын төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа ч заримдаа монгол соёлыг орхигдуулдаг. Тиймээс бид Сидней хотод ашгийн бус Монгол сургуулийг хөгжүүлж, энд ч мөн адил монгол хэлийг тогтмол хэрэглэхэд үүрэг гүйцэтгэхийг зорьж байна" гэв.

    Тус гэр бүлийнхэн саяхан Улаанбаатар хотод таван сая ам.долларын өртөгтэй бага сургууль шинээр барьж, монгол хэлний мэдлэгт илүү тулгуурлаж боловсон хүчнээ бүрдүүлсэн байна. "Knight’s Australian Mongolian School" нэртэй уг сургууль нь бага ангийн 160 хүүхдийн багтаамжтай бөгөөд сургалтын хөтөлбөртөө монгол хэлээр ярианы түвшинг тогтмол сайжруулах зорилтыг тавьсан гэнэ. О.Оюунцэцэг “Монголд бага насны хүүхдүүд зөвхөн англиар ярих нь сайхан гэж боддог тул монгол соёл, хэлтэй байх нь хэчнээн чухал болохыг аажмаар мартаж байна” гэжээ. Өдгөө 35 настай тэрээр Улаанбаатарт өссөн бөгөөд Австралийн хэд хэдэн их сургуульд сэтгүүлзүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэдний дараагийн зорилго бол хөдөө орон нутгийн өсвөр насныхан төдийгүй Өвөр Монголоос ирсэн оюутнууд үйлчлүүлэх боломжтой ахлах сургууль барих явдал гэжээ. “Өвөр Монголд олон монгол хүн монгол хэл сурах боломжгүй учраас бид дотуур байртай ахлах сургууль барина” гэж нэмж хэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.