images

"Худалдагч охин" киноны продюсер Т.Номуунзул: Монгол кино бага төсвөөр бүтдэг болохоор ашиг олох нь тийм ч хэцүү биш

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-23


Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино ирэх дөрөвдүгээр сарын 23-наас Японы театруудаар гарах гэж байна. Энэ кино Осакагийн Азийн кино фестивалийн шилдэг дүрийн “Yakushi Pearl Award”, Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдгийн шилдэг киноны “Uncaged Award for Best Feature Film”, Францын Вэзүль хотноо болдог Азийн киноны наадмын “Cyclo d'or” тэргүүн шагналыг хүртээд байгаа билээ. Азийн кино урлагийн нөлөөг тэлэх зорилготой аsianmoviepulse.com сайт тус киноны туслах найруулагч, Монголын Кино урлагийн зөвлөлийн гишүүн Төрмөнхийн Номуунзултай ярилцжээ. Тэрбээр СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгсөж, мэргэжлээрээ Лондонд магистр хамгаалан бизнесийн салбарт, тухайлбал “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой”, “Энержи ресурс” компани, Казахстан улсын банкны Лондон дахь төлөөлөгчийн газарт 15 жил ажилласан туршлагатай нэгэн юм. Улмаар өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн 2014 оноос хойш “Алтан ус”, “Цагаан хадаг”, “Худалдагч охин” зэрэг найман уран бүтээлд зохиолч, продюсер, туслах найруулагчаар ажиллажээ. Т.Номуунзул нь 2005-2007 онд Лондоны “American Intercontinental их сургуулийг медиа продакшн сургалтын чиглэлээр төгссөн, “Номун” студийн үүсгэн байгуулагч билээ. Ингээд түүний Монголын кино урлаг, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, “Худалдагч охин” киноны талаар дээрх сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

- Өнөөдөр Монголын кино урлагийн байр суурь ямар байна вэ?

- Монголын кино урлаг үнэхээр том түүхтэй. Гэхдээ 1990 оноос хойш энэ салбар орхигдсон. Түүнээс өмнө Монголын кино үйлдвэр гэж байсан бөгөөд Засгийн газраас бүх кино уран бүтээлийг дэмжин бүтээж байлаа. Харин 1990 оноос кино уран бүтээлчид бие дааж, Засгийн газрын санхүүжилт байхгүй болсноор хувь уран бүтээлчид өөр хоорондоо өрсөлдөх болсон юм. Харин одоо энэ бүхэн сайжирч байна. Таны мэдэж байгаачлан манайд 2021 оноос хэрэгжиж буй Кино урлагийг дэмжих хууль бий. Хуулинд буцаан олголт, киноны санхүүжилт зэргийг тусгасан. Мөн бид саяхан Монголын кино урлагийн зөвлөлийг байгуулж Монголын бүх кино бүтээгчдийг дэмжихээр ажиллаж байна. Энэ үнэхээр сайн шүү. Жил бүр Монголд 30 гаруй кино шинээр төрж, энэ салбар торниж байгаа.

- Тэгэхээр та Монголын кино урлагийн ирээдүйг өөдрөгөөр харж байна уу?

- Тийм ээ. Бид одоо киноны тухай хуультай, Үндэсний кино зөвлөл, санхүүжилттэй болсон. Кино урлагийн зөвлөл гадаадын кино бүтээгчдийг Монголд зураг авалтаа хийдэг болгох гэхчлэн тодорхой чиглэлээр тэдэнтэй хамтардаг болохоор шаргуу ажиллаж байна.

- Та Кино урлагийн зөвлөлийн тухай, мөн тус зөвлөл үүний төлөө яг юу хийж байгаа талаар мэдээлэл өгөөч?

- Би Кино урлагийн зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны мэргэжилтэн нь. Өмнө хэлсэнчлэн энэ зөвлөлийг бид өнгөрсөн онд байгуулсан. Одоогоор бид Канн, Венец, Бусан, Берлинд очсноос гадна гадаадын кино бүтээгчдийг татахаар хичээж, киноны тухай хууль, буцаан олголтын хөтөлбөрийг таниулахаар ажиллаж байна. Зөвлөл 2022 оны есдүгээр сард “Warner Bros”, “Netflix”, “Paramount”, “HBO”, “Discovery” зэрэг компаниудын захирал, менежерүүдийг урьж уулзахад манай буцаан олголтын хөтөлбөр анхаарлыг нь их татаж байлаа. Манай улс буцаан олголтын үнэхээр сайн хөтөлбөртэй. Хэрэв та Монголд ирж кино хийгээд 500 мянган төгрөг зарцуулбал зардлынхаа 30 хувийг буцаан олголт болгон авна. Мөн Монголын түүхэн элементүүдийг кинондоо оруулбал 10, арын албаны ажилчдынхаа 50 хувийг монгол иргэдээр бүрдүүлбэл цалингийн зардлынхаа таван хувийг буцаан авч болно.

- Одоогоор ямар хариу авсан бэ?

- Бид гадаадын кино компаниудаас Монголд томоохон төслийн зураг авалт хийх хүсэлт хүлээн авсан. Түүнчлэн хамтарсан бүтээл хийх зарим төслийн тухай одоо хэлэлцэж байгаа. Ирэх зун Монголын кино урлагийн зөвлөл гаднын кино санг Монголд урьж fame tour зохион байгуулна.

- Өмнө нь ихэнх монгол киноны зураг авалтыг байгалийн сайхан хөдөө нутагт хийдэг байсан. Харин одоо хотод хийх болжээ. Та энэ өөрчлөлтийн тухай хуваалцаач?

- Жилд шинээр нээлтээ хийдэг 30 гаруй киноны 70-80 хувь нь хотод суурилсан түүхэд үндэслэн зураг авалтаа нийслэлд хийж байна. Жишээлбэл, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээсэн орчин үеийн өсвөр насны монгол хүүхдүүдийн тухай “Худалдагч охин” киноны зураг авалт бүхэлдээ хотод болсон. Харин гадаадын кино наадам, зарим гадаадынханд Монголын хөдөө нутаг хамгийн сайн танигдсан болохоор тэд нүүдэлчин ахуй, түүхийг маань илүү сонирхож тэр сэдвээр кино хийж, хөдөө орон нутагт зургаа авдаг.

- Та Монголын кино урлаг Оросын нөлөөнөөс гарсан гэж хэлэх үү?

- Тиймээ, аль хэдийнэ холдсон. 1990 оноос өмнө Орос, Монголын Засгийн газар ойр нягт байсан учраас тэдний нөлөө манай кино урлагт давамгай байсан юм. Тухайн үед бүх киног засгийн газрын хөрөнгөөр бүтээж байсан болохоор бодлого нь нөлөөлдөг байв.

- Ингэж хэлж байгаад уучлаарай. Миний хувьд монгол кинонд тулгардаг хамгийн том асуудал нь жүжиглэх юм болов уу гэж санагдсан. Кино урлаг гэхээсээ илүү тайзны жүжиг гэмээр. Та энэнтэй санал нийлэх үү?

- Тийм ээ, би тантай санал нийлж байна. Манай СУИС-д кино жүжиглэлтэд төвлөрсөн хөтөлбөр байдаггүй. Харин бид театрын жүжиглэлт, зохиолд суурилсан сургалтын туршлага сайтай. Энэ янзаар яваад удаж байгаа болохоор ихэнх монгол жүжигчид ийм маягаар жүжиглэдэг байх талтай. Бид үүнийг өөрчлөх ёстой. Мөн орчин үеийн бүх залуу кино бүтээгчид үүнийг өөрчлөхөөр хичээж байгаа гэж би бодож байна. Манай зөвлөл Боловсролын яамтай хамтран их сургуулийн сургалтын хөтөлбөрт кино урлагийн зохиол, жүжиглэлтийн хөтөлбөр оруулах саналаа өгсөн. Бид энэ ажил бүтнэ гэдэгт итгэж байгаа.

- Монголд үндэсний кино урлагийн сургууль бий юу?

- Манайд Соёл урлагийн их сургууль гэж бий. Мөн кино урлагт төвлөрсөн хувийн сургуулиуд байгаа ч хөтөлбөр нь дутагдалтай гэдгийг хэлэх хэрэгтэй. Иймээс Кино урлагийн зөвлөл гадаадын мэргэжилтнүүдийг эх орондоо авчирч, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх замаар үүнийг засахыг оролдож байна.

- Монголд кино үзэх газар хэд байдаг вэ?

- Улсын хэмжээнд 200 гаруй байгаагийн 45 нь Улаанбаатарт бий. Монгол улс олон аймаг, сумтай бөгөөд тэр бүр нь кино үзэх боломжтой театртай гэхээр хэдэн зуугаар тоологдоно.

- Үзэгчдийн хувьд дотоодын эсвэл гадаадын киноны алийг түлхүү үзэж байна вэ?

- Кино урлагийн зөвлөл долоо хоног бүр кино театруудаас тайлан авдаг бөгөөд түүнээс үзэхэд гадныхаас илүү дотоодын кино хандалт сайтай байна.

- Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?

- Би бие даасан кинонд дуртай. Миний аав кино найруулагч Д.Төрмөнх 1995 онд Монголоос анх удаа Европын кино бүтээгчтэй хамтран ажилласан хүн юм. Үүнээс өмнө монголчууд Оростой хамтардаг байсныг эс тооцвол анхных гэсэн үг. Монгол, Бельгийн продакшнууд хамтран “Нохойн орон” баримтат киног бүтээсэн юм. Би ааваасаа үнэхээр сайн үлгэр дуурайлал авсан. Хүүхэд байхад аав надад К.Кесьлёвски, А.Тарковскийн бүтээлүүд, “Citizen Cane” тэргүүтэй киног үзүүлдэг байсан нь намайг багаас урлагт, бие даасан кинонд дуртай болгосон юм.

- Та цаашид Монголын кино урлагт нөлөөтэй болно гэж өөрийн үзэж буй нэр хүндтэй кино найруулагчдаас нэрлэхгүй юү?

- “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо Венецийн кино наадамд тэргүүлсэн П.Лхагвадуламыг нэрлэнэ. Мөн найруулагч Ж.Сэнгэдорж болон түүний том ах Ж.Жамьянсүрэн байна. Тэгээд маш сайн болсон баримтат киногоо цацах гэж буй Ч.Хоролдорж, залуу уран бүтээлч Л.Бат-Амгалан нарыг нэрлэе.

- Та “Худалдагч охин” киног бүтээхэд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

- Би туслах буюу хоёрдугаар найруулагч, гүйцэтгэх продюсерээр ажилласан. Мөн би өөр хоёр кинонд продюсерээр ажиллаж, гурван киноны зохиол бичсэн.

- Энэ кино Монголд гарсан уу?

- “Худалдагч охин” кино цар тахлын улмаас IPTV-ээр гарсан. Гэхдээ Монголд нээлтээ хийгээгүй хэдий ч дөрөвдүгээр сарын 28-наас Японы театруудаар гарах гэж байна.

- “Худалдагч охин” кино санхүүгийн хувьд амжилт олсон уу?

- Тийм ээ, монгол кино бага төсвөөр бүтдэг болохоор ашиг олох нь тийм ч хэцүү биш.

- Та Улаанбаатар олон улсын кино фестивалийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

- Монголын урлагийн зөвлөл, Нийслэлийн захирагчийн алба хамтран 14 дэх удаагийн кино фестивалийг өнгөрсөн жил зохион байгуулсан. Одооноос Кино урлагийн зөвлөл хамтран хийдэг болох тул илүү том болно. Бид кинонуудыг үндэсний болон олон улсын гэсэн ангилалд өрсөлдүүлэхээр төлөвлөж байгаа. Үндэсний тэмцээнд түрүүлсэн бүтээл улмаар “Оскар”-т нэр дэвшихийн төлөө явна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.