images

Д.Бизьяа: 100 мянга шахам үгтэй монгол-солонгос толийг бүтээх ажил арав гаруй жил үргэлжиллээ


Монгол, Солонгос хоёр улсын харилцаа өнө эртний түүхтэй. Улс төр, соёл, хүмүүнлэгийн энэ урт удаан харилцааны явцад хоёр хэлний толь, сурах бичиг олон гарсны анх түрүү үеийнхийг нь авч хэлбэл олон зуун жилийн өмнийн явдал болно. Харин энэ удаа түүхэн дэх хамгийн том буюу 90 гаруй мянган үгтэй толийг хоёр улсын эрдэмтэд хамтран бүтээсэн нь ердөө хоёр хоногийн өмнө хэвлэлтээс гарчээ. Арав гаруй жил үргэлжилсэн “Монгол-солонгос хэлний их толь бичиг” бүтээх нөр их ажилд гар бие оролцсон duuren.life сайтын редактор, солонгос хэлний мэргэжилтэн Дүгэржавын Бизьяа энэ талаараа товч хүүрнэснийг уншигчдадаа толилуулж байна.

     - Өмнөд Солонгост мөн сая гарсан “Монгол-солонгос хэлний их толь бичиг”-ийг бүтээхэд таныг гар бие оролцсон гэж дууллаа. Энэ толийг хаанаас эрхлэн гаргав, ажил нь хэзээ эхлэв, хэн хэн, тухайлбал та ямар үүрэгтэй оролцов?  

     - Энэ толийг Өмнөд Солонгосын Дангүүк их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан юм. Чухам энэ сургууль яагаад солонгос-монгол хэлний толь гаргав гэж хүн гайхах магадгүй. Дангүүк их сургууль бол монгол хэлний анги нээсэн Солонгосын анхны их сургууль юм. Монгол-Солонгос хоёр улс дипломат харилцаа тогтоосны дараахан буюу 1993 онд нээсэн түүхтэй. Энэ сургуулийг үүсгэн байгуулагч Жан Чүн Шик бол монголчуудад маш элэгтэй, ерээд онд хоёр улс дипломат харилцаа тогтооход хувь нэмрээ оруулсан, түүхч мэргэжилтэй, Солонгостоо нэр бүхий нийгмийн зүтгэлтэн хүн байдаг. Одоо 90 гаруй насыг зооглож байгаа ч тэнхлүүн хэвээрээ, ном бичиж гаргаад яваа хүн. Дангүүк их сургуульд байгуулагдсан Монгол хэлний тэнхим жил ирэх бүр хүрээгээ тэлсээр Монгол судлалын хүрээлэн болсон юм. Монголоос олон арван эрдэмтэн багш уригдаж ажилласан бөгөөд тэднээс суут эрдэмтэн Б.Сумьяабаатар багш, эрдэмтэн судлаач, дипломатч Б.Лхагва багш нарын нэрийг дурдаж болох байна. Энэ дашрамд дурдахад, өнөөдөр Өмнөд Солонгост монгол хэлний ангитай сургууль хоёр байгаа юм. Дангүүк их сургуульд ийм анги нээснээс 16 жилийн дараа буюу 2009 онд Солонгосын Гадаад хэлний их сургууль мөн ийм анги нээсэн түүхтэй.  

     “Монгол-солонгос их толь бичиг” бүтээх ажил 2011 онд эхэлж, энэ хүрээлэнгээс төсөв мөнгөө шийдвэрлэн редакциа бүрдүүлсэн байдаг. Ингэхдээ Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй гэрээ байгуулан, тус хүрээлэнгээс гаргасан 80 мянган толгой үгтэй Монгол хэлний их тайлбар толийн эрхийг авчээ. Улмаар энэ тольд толгой үг нэмж баяжуулан 90 гаруй мянган толгой үгтэй толь бичиг гаргах болсон байна. Толь бичгийн монгол эхийг хянаж, алдаа мадгийг засаж залруулан шинэ толгой үг нэмж баяжуулсан хүн нь МУИС-ийн багш, доктор, профессор Ю.Мөнх-Амгалан. Ю.Мөнх-Амгалан багш бол Энэтхэгийн Нью-Делийн их сургууль, Америкийн Индианагийн их сургуульд зочин профессороор ажиллаж байсан, монгол хэд судлалын том эрдэмтэн хүн л дээ. Яг энэ толь бичгийн ажлаар Дангүүк их сургуульд урилгаар очоод, толь дуустал ажилласан юм. Мөн “Хөх судар”, “Монголын нууц товчоо” зэрэг эх сурвалжаас авсан, мань мэтэд ахадсан адармаатай үг хэллэг, өгүүлбэрийг бидэнд хялбарчилж ойлгуулах, тайлбарлах ажлыг мөн тус сургуулийн зочин профессороор ажиллаж байсан доктор, профессор Р.Чүлтэмсүрэн багш хийсэн.   

     Монгол хэлний их тайлбар толийг солонгос хэл рүү буулгах ажлыг МУИС-ийн солонгос хэлний багш, доктор Б.Норовням, ШУТИС-ийн солонгос хэлний багш, доктор Н.Мэнд, Дангүүк их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор Рю Бён Жэ, И Сон А, Ч.Оюунгэрэл болон миний бие голлон гүйцэтгэсэн юм. Хянан тохиолдуулсан хүн нь Дангүүк их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш И Сон Гюү. И Сон Гюү багш бол тус сургуульд монгол хэлний анги нээгдэхэд анхлан байлцаж тулгын чулууг нь тавилцсан монгол хэл судлалын том эрдэмтэн хүн. 1990-ээд оны эхээр анх Монголд ирж МУИС-д элсэн монгол хэл сураад, улмаар эрдмийн зэрэг цол хамгаалан, буцаж Дангүүк их сургуульдаа Монгол хэлний тэнхимийн багшаар ажилласаар өнөөг хүрсэн хүн билээ. Солонгосын монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг манай төрөөс “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

     ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь нь мэдээж олон эрдэмтдийн гараар орж нэлээд чамбай хийгдсэн, толгой үг бүр жишээ өгүүлбэртэй, жишээ өгүүлбэр нь ихэнхдээ “Монголын нууц товчоо”, “Хөх судар” зэрэг эртний зохиол, түүхэн сурвалжаас эхлээд орчин үеийн “Тунгалаг тамир”, “Цаг төрийн үймээн”, “Заан залуудай” зэрэг шилмэл бүтээлүүд, монгол өвөрмөц хэлц, зүйр цэцэн үгс, оньсого таавар зэргээс эш татсан, цаашлаад амьтан ургамал, анагаах ухаан, техник технологи, мал аж ахуй, нүүдлийн соёл гээд олон салбарыг хамарсан өргөн агуулгатай толь бичиг байлаа. Үүнийг солонгос хэл рүү хөрвүүлж буулгаад бас шинэ тутам хэрэглээнд орж буй үгсийг нэмж оруулаад 90 гаруй мянган толгой үгтэй болгон гаргасан нь энэ толь бичиг юм аа.

     - Солонгост монгол хэлний ийм мэт бичиг өмнө нь гарч байв уу?

     - Гарахаар барах уу. Яг анх гарсныг нь яривал түүх сөхөх хэрэгтэй болно. Миний баттай мэдэж байгаагаар Солонгосын Жусон улсын үе буюу 1700-гаад онд тус улс гадаад харилцаагаа өргөжүүлэх үүднээс Саёгвон буюу “Орчуулгын хороо” гэдэг байгууллага байгуулж хятад, монгол, зүрчид, япон хэлний салбар үүсгэсэн байдаг. Улмаар “Мон-ө-ногөлдэ”, “Мон-ө-юүхэ” зэрэг монгол хэлний сурах бичиг хэвлэн гаргасан түүхтэй. 1800-гаад оны сүүлээс цаг төрийн дажин самуунаас болж уг орчуулгын хороо татан буугдсан. Ингэж явсаар бараг хоёр зуугаад он болж, сая 1990-ээд оны эхээр хоёр улсын харилцаа эргэж сэргэн эрдэм оюуны харилцаа шинээр үргэлжилсэн байдаг. Миний санахад 1994 онд Солонгосын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар” коллежээс багавтар хэмжээний солонгос-монгол толь гарсан нь анхлан сурагчдад тус дэмээ ихээхэн өгсөн юм. Хожим нь тус сургууль арай дэлгэрэнгүй толь бичиг болгож гаргасан байсан. 2000-аад оны эхээр МУИС-ийн Солонгос хэлний тэнхимийн эрдэмтэн багш нар солонгос-монгол толь бичиг гаргасан нь тухайн үедээ солонгос хэл сурагсдад хамгийн эрэлттэй нь байсан бөгөөд хавтасных нь өнгөөр “МУИС-ийн ногоон толь” гэдэг байв. Энэ толийг номын худалдаачид хууль бусаар хувилж олшруулан зарж, нэлээд хэл ам болж байсан санагдана. Мөн “Монсудар” компани солонгос-монгол, монгол-солонгос хэлний хураангуй толь бичиг хийж гаргасан байдаг. Гэх мэтчилэн толь бичгүүд бол гарч байсаан. Харин багтаасан үгийн цар хэмжээ, агуулга, үр өгөөжөөрөө энэ удаагийн толь нийт дундаа арай жин дарах байх аа.   

     - Толь бүтээх явцын талаар та манай уншигчдад сонирхуулаач.

     - Анх энэ толийг гаргахаар санаачлах төдийгүй удирдан чиглүүлж байсан тус сургуулийн монгол хэлний профессор Кан Шин багш зуурдаар өөд болж, мөн редакцийн багийн зарим нэг хүн өөр ажилд шилжсэн зэрэг шалтгаанаас болоод дахин өөр баг бүрдүүлэхэд нь би очиж ажилласан юм. Ажлын явцад Солонгост сурч буй монгол магистрант, докторантууд, мөн монгол судлалаар сурч буй солонгос магистрант, докторантууд гэхчлэн олон хүний хөдөлмөр энэ тольд орсныг хэлэх ёстой. Миний хувьд тус сургуулийн Монгол хэлний тэнхимд багшилж хичээл заах, толь бичиг хийхэд оролцох хоёр үүрэгтэйгээр очиж яг зургаан жил ажиллаад толь бичиг хөрвүүлэх ажил ч дуусч, эргэж ирсэн юм. Манай баг толгой үгсээ үсэг үсгээр нь тэнцүү хэмжээтэй хувааж аваад, долоо хоног бүрийн сүүлээр багийн ахлагчид хүлээлгэн өгдөг, тэгээд дараагийн ажлаа авах зэргээр нэлээн нарийн хуваарь, зохион байгуулалттай ажилласан. Долоо хоног бүрийн эхээр хуралдаж, хийсэн ажлаа хэлэлцэн, цаашид хийх ажлаа ярилцаж, урагш ахиж өгөхгүй байгаа зарим зүйлсээ хэрхэх талаар ярилцан шийдвэрлэх, шаардлагатай ном бүтээлийг Монголоос захиж авахуулах зэргээр нэлээд бүтээлчээр, цаг нартай уралдан ажиллаж байлаа. Зуны амралтаар нутаг явж 14 хоног амарна. Ингэж амрахдаа долоо хоногийн ажлыг урьдчилан хийж тушаагаад, үлдсэн долоо хоногийн ажлыг Монголд ирж амрах зуураа хийж илгээдэг байлаа. Зургаан жил яг ийм маягаар ажилласан даа. Дашрамд сонирхуулахад, монгол үг дотроос Х үсгээр эхэлсэн үг хамгийн олон байдаг юм билээ. Миний одоо санаж байгаагаар нийт толгой үгийн 12 хувийг эзэлж байсан санагдана.

     - Бараг нэг зуун мянган үгийг солонгос болгоно гэдэг тун амаргүй ажил гэдэг нь мэдээж. Толь бичиг хийнэ гэдэг, үг бүртэй л ноцолддог ажил шиг санагддаг...      

     - Толь бичиг бүтээх стандартын дагуу, алдаа мадаг гаргахгүй хийх гэж энэ ажилд гар бие оролцсон бүх хүн чармайн ажилласан. Монгол эх дээр техникийн болон хүний хүчин зүйлээс хамаарсан алдаа мадаг буйг олж залруулна, өөр олон эх сурвалжаас харж харгуулж нягтална, тулгаж магадлана, салбарын мэргэжилтнүүдээс асууна... Заримдаа ганцхан үгтэй ноцолдсоор байтал өдөр өнгөрсөн байдаг байв. Олон жилийн өмнө би Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Батхаан ууланд шувуу судлаач Банди гэж залуутай хамт явж таарсан юм. Аян замд танилцаж сүрхий дотноссон, ажил мэргэжилдээ гаргууд сайн залуу байсан. Тэр удаагийн ажил, аялал дуусаад дахиж түүнтэй уулзаагүй явлаа. Гэтэл толь бичиг дотор нэг шувууны нэр гараад ирэв. Яг ямар шувууны нэр байсныг одоо санахгүй байна. Янз бүрийн толь бичгээс харж, бас интернэт шүүрдээд ч олсонгүй. Ингээд арга мухардаад байтал нөгөө залуу гэнэт санаанд ордог юм. “Фэйсбүүк”-ээр хайсаар олж холбоо бариад тэр шувууны тухай асууж англи, латин нэрийг нь хэлүүлж аваад цааш хөөсөөр байж солонгос нэрийг нь олж билээ.

     Өөр нэг явдал. Манай Ю.Мөнх-Амгалан багш толийн монгол эх дээрх нэг толгой үгийн жишээ өгүүлбэр дотор “довноо” гэсэн үг олжээ. Толь бичиг дотор толгой үг болж ороогүй, урд өмнө сонсож байгаагүй энэ үгийн эрэлд гарсан байгаа юм. Жишээ өгүүлбэр нь зохиолч Б.Нямаагийн “Арандалынхан” романаас эш татсан байв. Ийм учраас уг романыг шүүрдэж үзсээр нөгөө өгүүлбэрээ олж авахад өнөө “довноо” гэсэн маань “довжоо” гэдэг үг байсан бөгөөд техникийн алдаанаас болж нэг үсэг буруу дарагдсан байжээ. Ганц үгийн алдаанаас болж ийм сүрхий эрэл болсон хэрэг. Гэхдээ олсон учраас энэ бол олз. Эрэл мухардах л хэцүү. Өөр нэг жишээ. Болцуу гэх толгой үгийг монгол эх дээр нь “Ургамлын бүдүүрсэн иш, ургамлын үржлийн эрхтэн” гэж сайхан тайлбарлаад жишээ өгүүлбэрийг мөн дээрх романаас эш татан “Болцууг модноос буулгаж болохгүй” гэсэн байв. Модны болцууг модноос буулгана гэж яахыг хэлсэн хэрэг вэ гэж эргэлзээд мөн л эх сурвалжийг нь шүүрдээд дээрх өгүүлбэрийг олж үзэхэд тэнд гарсан болцуу нь модны нэр биш, зохиолд гарч буй хүүхдийн нэр байсан. Өөрөөр хэлбэл Болцуу нэртэй хүүхдийг модны оройд гаргаж харуулд суулгаад түүнийг модноос буулгалгүй харуул манаа сайн хийлгээрэй гэсэн утга байж. Ингэж эрлээ мухарлаад л цаашаа явна.

     Бас нэг явдал. “Нал” гэдэг толгой үгийн тайлбар дээр “Нал эрдэнэ: Улаан өнгөтэй нэгэн зүйл эрдэнийн чулуу. Гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэнэ” гэж тайлбарлаад Б.Ринчений “Нууцыг задруулсан захиа” зохиолоос “Жийжүү мөнгөн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн идээнээс алим авч манж цэргийн аравны даргад өглөө” гэсэн жишээ татжээ. “...нал эрдэнэ шигтгэсэн идээ” гэсэн хэсэг ойлгомжгүй, байж боломгүй, сэжигтэй санагдаад манай нөхөд цааш мөшгөж үзэж. Тухайн үеийн багт ажиллаж байсан Д.Өлзийбат багш барагтай бол түүхий юм хийдэггүй нягт нямбай хүн тул эх зохиолоос нь хайсаар байж нөгөө жишээ өгүүлбэрийг олж гаргаад тулгаж үзтэл “Жийжүү мөнгөн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн илднээс адис аваад манж цэргийн аравны даргад өглөө” гэсэн өгүүлбэр байж билээ.

     - Энэ олон үгтэй ноцолдох явцад шинээр мэдэж, ойлгож авсан зүйл байж л таарна. Тийм жишээ бий бол сонирхуулахгүй юу. 

    - Бидний хэл ярианы өдөр тутмын хэрэглээнд түгээмэл хэрнээ нарийн учир нь анзаарагддаггүй сонин зүйл их байдаг юм билээ. Жишээ нь, монгол хэлэнд хамтрахын тийн ялгалын “-тай4” нөхцөл залгавал ямар нэгэн юмыг эзэмшсэн, авсан ямар нэгэн юмтай гэсэн санаа илэрхийлээд “-гүй” нөхцөл залгахад эсрэг утга илэрхийлдэг. “Номтой цүнх-номгүй цүнх, бороотой өдөр-бороогүй өдөр” гэх мэтээс харахад уг хоёр нөхцөл яг эсрэг утга илэрхийлдэг. Гэтэл “ичгүүртэй амьтан, ичгүүргүй амьтан” гэсэн хоёр үг эсрэг биш ижил утга илэрхийлдэг аж. Уг нь дүрэм ёсоор бол нэг нь муу, нөгөө сайн гэсэн утга илэрхийлж баймаар. Гэтэл аль аль нь нэлээд таагүй утгатай, адилхан санааг илэрхийлдэг болохыг олж мэдсэн. Ийм жишээ маш олон доо.   

     - Монголын орчин ахуйн өвөрмөц онцлогтой үгийг гадаад хэлэнд орчуулахад ихээхэн бэрхшээл тохиолддог шиг байдаг, энэ талаар?  

     - Адуу малын тухай, ялангуяа малын зүс, морины явдал зэргийг солонгос хэл рүү буулгахад нэн бэрх байсан. Ухаа, зээрд, хул, хонгор, халиун, саарал, хээр, шарга, загал, бүгээн гэх мэт адууны зүсийг монгол хүн хараад төвөггүй нэрлэж чадах ч эдгээрийг гадаад хэл рүү буулгана гэдэг амар ажил биш юм билээ. Шууд оноох боломжгүй тул нэг бүрчлэн тайлбарлаж буулгаж байв. За тэгээд ногт хазаар, чөдөр тушаа, амгай зуузай гээд явж өгнө. Морины явдал гэхэд л замын хар алхаа, задгай суман хатираа, усан тэлмэн жороо, хонин жороо, замын сайвар гээд ирэхээр бас л хэцүү. “Давхихад урд хоёр хөлөө нэгэн зэрэг эвхэн татаж урагш тавих маягаар давхина. Хатирахад баруун талын урд хөл, зүүн ар хөл хоёроо нэгэн зэрэг урагш татаж газар гишгээд дараа нь зүүн урд хөл, баруун хойд хөл хоёроо зэрэг урагш татна. Харин жороолоход баруун талын урд, хойд хоёр хөлөө зэрэг урагш татаж, газар гишгэсэн хойноо зүүн талын хоёр хөлөө нэгэн зэрэг урагш татах зэргээр, өрөөлдөх маягаар гишгэнэ” гэх мэтээр тайлбар хийнэ. Солонгос хүн бол морины хоёр л явдал мэднэ. Алхах, давхих. Өөр ийм ийм явдал байдаг гэдгийг ойлгуулахын тулд тэдгээрийг нарийвчлан харуулсан видео бичлэг хүртэл олж үзүүлж байв.

     - Ийм олон үгтэй толь хэвлэгдээд гарахаараа хэмжээний хувьд бас дорвитой болсон байх даа?    

     - Бид толь бичгээ солонгос хэлэнд буулгахдаа монгол тайлбарыг нь арилгалгүй шууд араас нь залгаж орчуулаад, дараа нь эцсийн байдлаар эргэж засвар хийхдээ арилгана гээд явсан юм. Ингээд солонгос хэлэнд бүрэн буулгаж дууссаны дараа бичгийн цаасан дээр хэвлэж үзтэл А4 цаасан дээр ар өвөргүй хэвлэхэд 12 боодол бичгийн цаас болж байсан. Мэдээж дараа нь монгол тайлбараа арилгаад, үсгийн фонтыг толь бичгийн хэлбэрт оруулж багасгахад энэ хэмжээ хамаагүй бага болно л доо. Толь хоёр боть болж хэвлэгдсэн байна. Солонгост байгаа багш нар өчигдөр үүнийг нааш дуулгаж ярихдаа “Хоёр боть нийлээд зургаа, долоон килограмм болж байна” гэж байна лээ.

     - Энэ толийн гол хэрэглэгчид нь хэн байх бол?

     - Дангүүк их сургуулийн монгол хэлний ангийн багш оюутнууд, магистрант, докторантууд анхны хэрэглэгчид болж байгаа байх. Мөн Солонгосын Гадаад хэлний их сургуулийн монгол хэлний ангийнхан авч хэрэглэх биз. Мэдээж Солонгосын монгол судлаач эрдэмтэд хамгийн түрүүнд авч хэрэглэнэ. Жишээ нь “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, Жангар”, “Тунгалаг Тамир”-ыг солонгос хэлнээ орчуулсан нэрт монголч эрдэмтэн Юү Вон Сү багшийн ширээн дээр энэ толь бичиг лав очих байх гэж бодож сууна. Цаашлаад, солонгос хэл сурч, судалж байгаа монгол оюутнууд, багш нар, солонгос судлаач эрдэмтдэд энэ толь хэргээ өгөх биз ээ.

     - Хэчнээн хувь хэвлэсэн бол. Үнэ нь хэд байх талаар та мэдээлэл авав уу?

   - Хэдэн хувь хэвлэснийг би сонирхсонгүй. Хоёр боть нийлээд 200 мянган вонын үнэтэй гэсэн байна лээ. Гэхдээ 3 дугаар сарын 31 хүртэл тэндээ 160 мянган воноор худалдах юм гэнэ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.