images

АНУ-ын бодибилдингийн аварга А.Мөнхсаруул: Эр хүн шиг сайхан цээжтэй болъё л гэж анх энэ спортоор хичээллэсэн

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-06


“Дэлхий дүүрэн монголчууд” булангийн энэ удаагийн зочноор АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод гэр бүлээрээ аж төрж буй Алтангэрэлийн Мөнхсаруултай ярилцлаа. Бодибилдингийн тамирчин тэрбээр өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын бодибилдингийн тэмцээнд хүчээ сорьж, үнэмлэхүй аварга болсон юм.

-Монгол хүн АНУ-ын бодибилдингийн аварга болсон гэхээр маш бахдалтай юм. Монголын хэвлэлээр энэ мэдээ төдийлөн түгсэнгүй бололтой. Тэмцээний талаар товчхон танилцуулахгүй юу. 

-Энэ тэмцээн бол АНУ-ын Невада муж улсын Лас Вегас хотод өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын дундуур болсон тэмцээн юм. 1965 оноос хойш тасралтгүй болсон “Mr. Olympia” гэж алдартай тэмцээний сонирхогчдын ангилал нь. Англиар “Mr. Olympia Amateur” гэдэг. Энэ тэмцээн дотроо гурван ангилалтайн нэг нь классик ангилал, дотроо мөн A, B, C, D гэж дөрөв хуваагдана. Хамгийн хөнгөн жинтэй, намхан нуруутай тамирчид А ангилалд оролцох бол дараа дараагийн ангилалд өндөр, жингээр илүү тамирчид өрсөлдөнө гэсэн үг. Би болохоор А ангиллын аварга болсон юм. Бас В ангилалд Батбаярын Хэрлэн гэдэг монгол залуу түрүүлсэн. Харин D ангилалд бразил, C ангилалд испани тамирчин тус тус аваргалаад эцэст нь дөрвөн аваргын дунд дахиад тэмцээн болоход би ялсан хэрэг. “Mr. Olympia Amateur” тэмцээний классик ангиллын үнэмлэхүй аварга гэсэн үг.

-Та өмнө нь мэдээж бодибилдингийн тамирчин байсан байх. АНУ-д хэзээ ирээ вэ?

-2016 онд ирж байлаа. Хүний газар ирсэн даруйдаа хүнд төмөр өргөөд амьдрах боломжгүй учраас нэг хэсэг өөр ажил хийсэн. Энэ спорт өртөг өндөртэй учраас ядаж  бэлтгэлээ тасралтгүй хийхийн тулд мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Бас гаднын хүн ийм төрлийн тэмцээн уралдаанд оролцож болдог эсэхийг мэдэхгүй учраас төдийлөн яараагүй юм. Тэгж яваад 2019 оноос бэлтгэлдээ анхаарч, 2020 онд АНУ-ын сонирхогчдын дунд болдог “Arnold Classic тэмцээнд ороод хүрэл медаль авч байлаа. Сүүлийн үеийн бодибилдингийн тэмцээнүүд сонирхогч, мэргэжлийн гэсэн хоёр төрлөөр явагдах нь элбэг болсон. Тухайн үед миний ордог төрөл болох классик бодибилдингийн төрөл найман жилийн өмнөөс шинээр орж ирсэн юм. Дараа жил нь ахиад энэ төрлөөрөө оролцоод, медалийн өнгөө ахиулж байв. Дэлхийд сонирхогчдын түвшний хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн бол “Mr. Olympia”, дараа нь “Arnold Classic” байдаг.

-Энэ спортоор хичээллээд удаж байна уу, эх орондоо ямар амжилт гаргасан бэ?

-2011 оноос. Анхны медаль маань Улаанбаатар хотын аваргын мөнгө. Анхны тэмцээн маань болохоор УАШТ. Гэхдээ энэ тэмцээнд төдийлөн сайн амжилт гаргаагүй болохоор шар хөдөлж, улам шаргуу хичээллэхээр шийдсэн юм. Багагүй хугацаанд бэлтгэл хийсний дараа дахин нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон дэд байранд орж урамшаад, дараа жил нь УАШТ-д орж бас мөнгөн медаль авсан. Монголд оролцсон сүүлийн тэмцээн маань тэр болжээ.

-Сонирхогчдын түвшинд ийм амжилт гаргахаар мэргэжлийн тэмцээнд оролцох эрхтэй болох уу?

- Саяын тэмцээнээс Хэрлэн бид хоёр мэргэжлийн картаа авсан. Тэгэхээр шат ахиж тэмцээнд оролцож болно.

-Америкийн ийм өндөр түвшний тэмцээнд Азийнхан хэр оролцдог вэ?

-Оролцох нь оролцоно. Гэхдээ миний орсон ангилалд долоон жилийн турш ази хүн ийм амжилт гаргаагүй юм билээ.

-Таны ард нэлээд олон цом харагдаж байна. Бүгд таных уу?

-Миний дөрвөн цомоос гадна эхнэрийн маань хоёр цом бас байгаа. 

-Эхнэр тань бас энэ спортын хүн байх нь ээ?

-Манай эхнэрийг Г.Өнөрсайхан гэдэг. Нэг ёсондоо ижил сонирхлоор танилцаж гэр бүл болоод 2016 оноос хамтдаа тэмцээн уралдаанд оролцдог болсон улс. Намайг энэ хүртэл явахад ихээхэн дэмжсэн хүн. Эхнэр маань өөрөө Монголд байхдаа тэмцээнд нэлээд оролцдог байсан. Анх нэг телевизийн шоунд ороод түрүүлсэн юм. Улмаар Улаанбаатар хотын АШТ-д тусгай байр эзэлсэн. Дараа нь УАШТ-д гуравдугаар байрт ороод, удалгүй бид Америкт ирсэн. Бид хоёр АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод амьдардаг. Би хүмүүсийн өмнө шоу үзүүлэх маягаар хоол хийдэг нэг төрлийн тогоочоор, эхнэр маань гоо сайхны салонд ажилладаг юм. Чөлөөт цагаараа монгол болон гадаадын хүмүүст бодибилдингийн хувийн дасгалжуулагч хийнэ. Бид энд ирээд удалгүй хөөрхөн охинтой болсон.

-Энэ спортын үнэ цэн чухам юундаа байдаг юм бэ?

-Орчин цагийн төвлөрсөн хотод амьдарч байгаа хэн бүхэн энэ спортоор хичээллэх хэрэгтэй гэж боддог. Хүн гэдэг амьтан бие махбодь, булчин шөрмөсөө байнга ажиллуулж амьдардаг улс. Өөр өөрсдийн хэмжээнд хэвшүүлээсэй гэж хүсдэг. Анх би цээжээ л хөгжүүлье гэж боддог байсан бол яваандаа эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маяг зэргийг илүү ойлгодог болсон. Ялангуяа энд ирснээс хойш бүр илүү. Эндхийнхэн ч бага балчраасаа өтөл болтлоо хичээллэдэг. Ямар ч хүнд өдөрт цаг гучин минутыг дуртай зүйлээ хийхэд зарцуулах боломж байдаг. Түүнийгээ л үр ашигтай зарцуулах хэрэгтэй.

-Бодибилдингийн тамирчид идэх уухаас өгсүүлээд амьдралын хатуу дэгтэй байдаг шиг санагддаг. Шоу цэнгээн, наргиан наадам, хүссэнээ идэх гэдэг ойлголтоос хол байдаг болов уу. Эдгээрийг зохицуулах боломж бий юү?

-Миний хувьд зохицуулах боломжтой гэж үздэг. Согтууруулах ундаа булчинд маш муу. Би 2020 оноос эхлээд мэргэжлийн тамирчин болохын төлөө бүх зүйлээ зориулсан. Архи дарсыг уруулдаа ч хүргэдэггүй. Эндхийн монголчууд өөрийн орны болоод амьдарч байгаа газар орныхоо баярыг байнга тэмдэглэх хэрэгтэй болно. Миний хувьд илүү дутуу зүйлээр гэдсээ дүүргэх ёсгүй учраас өөрийнхөө бэлдсэн савтай хоолыг барьж очоод л баярлачихна. Энэ чанартай дэглэм, бэлтгэл сургуулилт маань миний амжилтыг ахиулахад тусалсан гэж болно. Би монгол хоолноос буузанд маш дуртай, барагтай бол татгалзахгүй. Гэвч хатуу дэглэмтэй үедээ бол буузыг нэг нүдээрээ ч хардаггүй.

-Сар шинээр уламжлалт баяраа тэмдэглэж ах дүү, найз нөхөд орж гарахад танай тавгийн идээ, зочдыг дайлах хоол унд юу байх вэ?

-Бид хоёр тавгийн идээгээ хэвийн боовоор засна, ууц, мах өрөөд байдаггүй. Гэхдээ ёс журмаараа энд байгаа ахмадууддаа очиж золгоод цагаалчихна. Тэд маань эхэндээ сүүтэй цай, тавгийн идээгээ бариад ид, уу гэдэг байсан ч бид хоёрыгоо их ойлгодог болжээ. “Та хоёр манай хоолноос идэхгүй юм чинь, өөрсдийнхөө хоолыг авчирсан биз дээ” гэж асуудаг даа. (инээв)

-АНУ-д очиж амьдраад нэлээд хугацааг үджээ. Нутгаа хэр санаж байна, сүүлд хэзээ очив?

-Би Дорноговь аймгийн уугуул. Хөдөө эмээ дээрээ адуу малтай ноцолдож өссөн болохоор нутаг амьтай, нэг дуу сонсоод л уярчихдаг. Дуучин Нарангийн “Нутгаа санасан сэтгэл” гэсэн дууг клиптэй нь үзчихээр өөрийн эрхгүй л догдлоод ирдэг. Хамгийн сүүлд 2017 онд нутагтаа очиж ирсэн байна.

-Холын хүнээс үг сонс гэдэг үг бий. Амьдран суугаа газрынхаа сонин сайхнаас хуваалцаач?

-Чикаго их хөлийн газар. Манайх хотын төвөөс 40-өөд минут явах зайтай газар байдаг. Тайван амьдралдаа дуртай болохоор аятайхан санагддаг. Энд ирээд эхний дөрвөн жилд Монголдоо буцъя гэдэг байлаа. Харин тав дах жилээсээ амьдралынхаа хэв маягт ороод, дасчихсан. Энд бүх юм эмх цэгцтэй, цагийн хуваарийн дагуу ажил амьдрал өрнөдөг, амралтын өдөр гэхэд арай гэж цаг гарна. Хажуугаар нь бэлтгэлээ хийдэг. Энэ нийгэм бол хөдөлмөрлөж чадсан хүнийг үнэлдэг, бүх юм нь зөв зарчмаар явдаг нийгэм.  

-Өдөр тутмын дасгалын норм юу байна вэ?

-Өглөө зургаан цагт босоод 30 минут кардио дасгал хийчхээд  цайгаа ууна. Тэгээд эхнэр ажилдаа явна, 9 цагаас эхэлнэ. Миний ажил өглөөний 10 цаг 30 минутаас оройн 21 цаг 30 минут хүртэл. Харин өдрийн цайны цаг хоёр цагаас дөрвөн цагийн хооронд болохоор бэлтгэлээ энэ цагтаа амжуулна. Эхнэр бид хоёул өдөр нь идэх ёстой хоолоо бэлдээд гурван цагийн зайтай хооллодог. Тэгээд л орой  23 цагт унтаж амарна даа.

-Танай гэрийн голлох хүнс юу байдаг вэ?

-Янз бүр. Гэхдээ ихэвчлэн цагаан будаа, үхэр, тахианы мах, цацагт хяруул, нэрс, хан боргоцой хэрэглэнэ. Эд бүгдийгээ цагийн дарааллаар нь иднэ. Монголд байхдаа тахианы цээж мах, брокколи гэх мэтээс хэтэрдэггүй байж. Харин сүүлийн үед бол хоолны цэсээ нэмээд илүү баялаг болгосон байх.

-Өөртөө бууж өгч байсан үе хэр тохиов. Өдөр болгон чанд хатуу байж чадаагүй, шантарч хаясан өдрүүд байдаг уу?

-Бараг байхгүй. Гэхдээ бодибилдингийн тамирчин яг ямар байх ёстойг мэддэггүй байх үедээ хоолон дундуураа дэглэм алдах, өнөөдөр гайгүй бэлтгэл хийсэн юм чинь гээд дуртай юмаа идчих үе байсан. Анх бол тамирчин больё  ч гэж бодоогүй, сайхан монгол эр хүн шиг цээжтэй больё гэж л хичээллэж эхэлсэн. Яваандаа дэглэм, сэтгэлзүй гээд бүр чамбайрч, зорилго минь тодорч ирсэн дээ. Ёстой л нөгөө зүрх, тархи, сэтгэл гурав минь холбогдсон байдаг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.