Л.Уранчимэг: Аавынхаа мужааны амбаарын дээвэр дээр ганцаараа тарни тоолоод суучихдаг хүүхэд байлаа
Чихэнд чимэгтэй
2023-02-23
Айхтар ч их юм бодолгүй нэгэн охиныг гэнэ сэрэггүйхэн зорьж тав хоногийн барианд явсан юм, би. Түүнийг би бариач л гэж бодсон. Гэтэл тэр тарни унших юм. Чулуу татах юм. Сайхан дуулах юм. Тэгснээ хуур татаж засал хийнэ. Бөө юм уу, лам юм уу?! Гайхах. Тэгснээ тэр энэ хэд хоногт “Сайхан сэтгэл гэж таныхаар яг юу вэ?” гэх хариулахад хэцүү асуултыг байсгээд асуусан. Айх ч шиг, гайхах ч шиг. Эрхгүй сонирхол төрж амьдралыг нь асуув. Тийм ч дуртай биш, бас айхтар ч дургүйцэлгүй тэр надад доорх түүхийг ярьсан юм. Түүнийг Лундаадоржийн Уранчимэг гэдэг. “Гэгээ” нэртэй бариа заслын төв ганцаараа ажиллуулдаг. Намуухан дуу хоолой, даруухан төрх, туулж яваа амьдрал нь энэ.
Манай өвөө Дагвын Пүрэвжал гэж хүн байсан. Сумандаа “зөөлөн” Пүрэвжал гэдэг нэртэй. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүн л дээ. Хүмүүс өвөөд үзүүлэхээр ирнэ. Өвөө үзчихээд шивнэх шахам ярьж хариулдаг, зөөлөн дуутай хүн. Тарниа уншихдаа ч сонсогдохтой үгүйтэй. Би тэр үед бага сага тарни гадарладаг байсан учраас тэр тарнийг уншиж байна даа гэж багцаална. Түүнээс биш өмнө нь суугаа хүн ямар ном тарни уншиж байгааг нь мэдэхээргүй тийм аяархан уншдаг. Хуруу гар нь хүртэл хүнд хүрэхдээ маш зөөлөн тийм хүн байсан. Бурханыхаа урд буруу харж сөхөрч сууж байгаад тарниа тоолоод л рашаан утлага, арц юмнууд өгдөг. Эм тан их найруулдаг. Би танг нь бэлддэг, боодог тийм хүүхэд байлаа. Дөрөв таван настай л байсан. Хүүхдүүдтэй тоглохоосоо илүү өвөөгийнхөө дэргэд тарниа тоолоод, эм танг нь нүдээд, боогоод сууж байдагсан.
Хүүхэд насаа эргээд дурсахаар, гүйж тоглож явсан дурсамж элбэг биш. Аавын мужаан хийдэг байсан жижиг модон амбаар дээр гараад суучихна. Борооны дусаалаас хамгаалсан замын хар гэдэг билүү, нэг тийм хар цаасаар дээвэрлэчихсэн. Түүн дээр нь гараад л ганцаараа завилаад суучихна. Тэр хар цаас зун айхтар хална. Завилаад суучихаар доороос учиргүй төөнөнө. Тэгмэгц л тэр халууныг дотогшоогоо өөр лүүгээ пүгхийтэл татаж оруулаад гүнзгий амьсгаа аваад амаараа гаргахаар би би биш болчих шиг нэг тийм сонин оргино. Тэрэндээ би их дуртай. Үе үе тэгнэ. Өөр лүүгээ татаж оруулаад л буцааж гаргаад л. Биенээсээ гараад явчих шиг ер бусын санагдана. Тэрийг маань гэтэл өвөө анзаарчихаж. Энэ хүүхэд яагаад ийшээ зүтгээд байна, яагаад ганцаараа ингээд удаан суугаад байна гэж анзаарсан шиг байгаа юм. Хааяа дэргэд минь ирж үлгэр шиг юм ярина аа. Одоо эргээд бодоход тарни тоолох гайхамшиг, гэгээрэлд хүрэх гайхамшиг, тарнийн тоо гүйцээх, өөртөө шингээх, буцааж хүмүүст хүргэх чиглэлийн юм л ярьдаг байж дээ гэж санагддаг. Тэр үед биед минь орж гараад байгаа нь миний өөрийн сүнс байсан уу, аль эсвэл өөр бусдын сүнсийг оруулж гаргаад байж уу одоо бодоход гайхдаг юм. Өөр төрлийн юм дайрч ороод галзуу солиотой болгочих вий гэж болгоомжилсондоо өвөө надаар тарни уншуулж, мацаглуулж хамгаалдаг байсан байх. Хүүхдүүд гадаа тоглож байхад би яагаад ингээд суудаг юм бол гэж бодох үе их. Нэг суухдаа дор хаяж гурав, дөрвөн цаг тэгж суудаг байсан. Заримдаа ч тоолж байгаа тарнидаа анхаараад цаг яаж өнгөрснийг ч мэдэхгүй. Өвөө жаахан юмаар урамшуулаад л намайг суулгачихна. Сард нэг удаа, долоо хоногт нэг удаа, дээд тал нь долоо хоногоор хүртэл мацаглуулж байсан. Эмээ бяслагныхаа дээд талыг бурхандаа тавина. Тэр нь удаад хөх ногоон өнгө ороод хөгцөрчихнө. Тэрийг нь хусаж байгаад л надад өгнө, би хүлхээд сууна. Мөн их жаргалтай, тэрэн шиг гоё амттай юм байхгүй мэт санагдана. Дараа нь цатгалан үед тэр бяслагийг идэж үзсэн чинь идэхийн аргагүй гашуун байж билээ.
Би хүүхэд байхын л дуу сурахдаа үгийг нь цээжлэлгүй аяыг нь сурчихдаг байсан. Тэгээд тэр аяндаа тарниа тоолоод дуулж явдаг тийм хүүхэд байсан гэдэг. Ногоон дарь эхийн тарни, Сундуйн жүдийн тарнийг хамгийн их дуулдаг байсан. Зүүдэндээ их юм харна аа. Гараас минь гэрэл цацраад, гараараа хүмүүсийг амилуулж эдгээж байна гэж зүүдэлдэг байсан. Гэртээ бол аавынхаа өвөрт дандаа унтана, өвөөгийндөө очихоороо өвөөгийнхөө өвөрт унтдаг хүүхэд байсан. Зургаа, долоон настайгаасаа л ойр тойрныхноо барьж эхэлсэн. Аавын минь том эгч Адиа гэж бид авгайлдаг, тэр хүн орж ирэхээрээ л “Миний хүү тэгж байгаад их буянтай том бариач хүн болох юм байгаан. Алив Адиагаа” гээд л толгой хүзүүгээ бариулаад хэчнээн ч цаг суудаг байсан юм. Тэр эгчийн хуян, энэ эгчийн хуян гээд л, эмээгээ хүртэл их барьдаг байсан. Эмээ минь их туранхай, гаанс татдаг нэг жижигхэн эмгэн. “Миний хүү ухайс даа, илээд байгаарай, базаад байгаарай. Ёстой нэг зөв гартай хүүхэд байгаа юм, ухай ухай “ гээд л бариулаад базуулаад л суудаг байлаа. Бариач болох зам маань ингэж л анх эхэлсэн дээ.
Хүн барихад цаанаасаа л халуу шатаад, ямар нэгэн юм ундраад байгаа юм шиг. Багтаж ядсан их энерги байна гэж би өөрөө мэдэрдэг. Барихгүй бас хэд хононо оо. Тэгэхээр л тохойноос урагшаа гал шатаад хэцүү. Хүйтэн юманд л хүрмээр, усанд гараа дүрмээр, эсвэл бушуухан хэн нэгнийг базлаад бариад өгчихмөөр санагдана. Заавал л гадагшлуулахгүй бол, хуваалцахгүй бол болохгүй байгаад байдаг. Ер нь хэн нэгнийг огт бариагүй жил, сар надад байхгүй. Би ямар ч ажил хийж байсан бариаг ерөөсөө орхигдуулаагүй. 2004 оноос хойш хүн барилгүй өнжсөн өдөр надад байхгүй. Тэгэхээр тоо гаргах боломжгүй. 2004 оноос өмнө болохоор гэр орны ажил, хүүхэд шуухад гээд өнжиж байсан. Биед минь орж гараад байгаа, надтай харьцаад байгаа юм яг юу юм бол гэдгийг олох гэж би их эрж хайсан. Олон хүнтэй уулзаж байсан. Үзүүлж байсан. Аавынхаа ааваас тарнийн шидийг авсан. Тэр өвөө минь лам хүн байсан. Харин ээжийн минь өвөө Занабазар гэж маарамба байгаад эсэргүүний үеэр баригдаад явж байсан гэдэг. Бурхан шүтээн, эдлэл хэрэглэл бүх юм нь байдаг. Хүн үнэмшимгүй мэдрэмжүүд сэрхийтэл орж ирнэ. Хүмүүст тэр бүр ил гаргаж ярьдаггүй. Яагаад гэхээр хүмүүс итгэхгүй. Миний тусламжийг авах ёстой хүн үйлийн үр нь дууссан бол мэдээд л хүрээд ирдэг. Би үздэг хардгаа хүнд яриад байдаггүй. Хүмүүс өөрсдөө олж ирдэг. Хэдэн жилийн өмнө би бүр ичээд нуудаг байсан. Үздэг хардаг гэхээр хөгшин хүний хийх ажил юм шиг санагдаад ичээд байдаг байсан. Одооноос л айхтар ичихээ болиод байгаа.
Миний нуруун дээр хаалга шиг нэг юм байгаа санагддаг. Хаалга онгойх шиг нуруу руу юм орно. Тэгээд гарах нь мэдэгдэнэ. Таатайдаа таатай, таагүйдээ таагүй. Нас барах нь дөхчихсөн, бүх юм нь сөрөг болчихсон, атаа жөтөө ихтэй хүн андашгүй, цаанаа л тавгүйтнэ. Энэ яг юу юм бол оо гэж бодож, түүнийгээ өөртөө баталж нотлох гэж олон жил явсан. Аав талын ес дэх үеэс ирж байгаа өвөг дээдэс байна гэдгээ мэдээд, үүрэг хариуцлагаас нь айж нэг хэсэг зугтсан. Биш байгаасай гэж хүссэн. Биш гэдгийг батална гэж бодож удаан явсан. Тэр тусам л байнга уяатай, цаанаасаа залаад чиглүүлээд. Тэр нь нэг хэсэг их дараатай. Маш олон хүн дээр очиж өөрийгөө үзүүлж байсан. Надад ийм юм байна гэдгээ хэлж ч үзүүлж байлаа, хэлэхгүйгээр ч үзүүлж байлаа. Хамгийн сүүлд аура эмчилгээнд хүртэл очсон. Шинжлэх ухаантай ойр гэдэг утгаар. Гэтэл “Хүүе, энэ их энергийг чи яаж багтааж явдаг юм бэ? Чи юу хийдэг юм бэ?” гээд гайхаж асуусан. “Бариа хийдэг юм аа” гэсэн чинь “Аан, тийм байлгүй дээ. Хуваалцдаг учраас ингээд яваад байгаа юм байна. Түүнээс биш чи өөрөө аль хэдийн гэмтчихээр их энерги байна шүү дээ” гэж тайлбарласан. Ганц аурад биш олон аура дээр очиж нягталсан. Эцэст нь хүлээн зөвшөөрсөн, хүлээж авсан. Тэгээд л энэ зам руу орсон доо. Хүмүүст үйл минь хэргээ өгөөд байгаа болохоор итгэл улам батажсан. Цаашдаа өөрийн гэсэн өргөөтэй болох юмсан гэж мөрөөддөг. Тэр өргөө рүү хүмүүс алхаад л ороход миний авдаг мэдрэмжийг авч тэр өргөөнөөс гарахдаа сэвхийгээд л босоод ирэх тийм л өргөө байгаасай гэж боддог”.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.