images

Кэмбрижийн бага сургуульд монгол хүүхэд сурч байна 

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2022-10-19


     Английн Кэмбрижийн их сургуулийн Биотехнологийн тэнхимд судалгааны ажил хийж буй химийн инженер, доктор Т.Ганбаатар, түүний гэргий Ж.Батчимэг нарын хүү тус сургуулийн багш, ажилчдын хүүхдүүд суралцдаг Кэмбрижийн их сургуулийн бага сургуульд (University of Cambridge primary school) явдаг байна. Ж.Батчимэг хүүгийнхээ суралцдаг сургуулийн тухай манай сайтад бичиж ирүүлснийг толилуулья. 

     Хүү маань энэ жил гуравдугаар ангид орно. Энэ сургууль бусад бага сургуулиудаа бодвол нэг их олон хүүхэдтэй биш. Нэг ангид 20-30 хүүхэд байдаг, дотроо гурван бүлэгтэй. Аав ээж нь их сургуультай холбоогүй хүүхдүүд бол ороход дараалал жаахан ихтэй байдаг. Эртхэн бүртгүүлж дараалалд ороод, эхлээд сургуультай холбоотой айлуудын хүүхдүүд, дараа нь дарааллынхаа дагуу бусад айлын хүүхдүүд, хэн нэгэн шилжээд явах үед ч юм уу орж болдог. Хэрвээ тэгж орж чадвал аав ээж нь их баяртай байдаг, яг л нөгөө Кэмбрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг манай хотдоо хамгийн өндөр үнэлгээтэй сургууль юм байна лээ. Тэгээд эднийх хүүхдийг 3, 5 настайгаас эхлээд авдаг. Эхлээд ясли, дараа нь хүлээн авах гээд цэцэрлэг шиг ангид байлгаж байгаад, зургаан наснаас нэгдүгээр анги нь эхэлдэг. Сургууль нь тойрог хэлбэртэй байшин байдаг юм. Эхлээд цэцэрлэг шиг жижигхээн тус тусдаа суудаг сандалтай, тоглоом ихтэй анги байна. Тэгээд дараагийн ангиас эхлээд сандал, ширээ нь арай өндөрсөөд, тоглоом нь арай багасаад явна. Жил бүр анги нь, багш нь солигдоод, 2 жил тутамд тухайн түвшний ангийн хүүхдүүдээ холиод нэг анги болгодог.

   Надад хамгийн гоё санагддаг хэсэг нь хүүхдүүдэд гэрийн даалгавар гэж огт өгөхгүй. Бас хичээлийн дэвтэр ном огт цүнхэндээ хийж явахгүй. Бүгдийг нь анги дотроо үлдээнэ. Тэгээд хичээлийн жилийн турш 3-4 удаа “Гэр бүлийн өдөр” гэж байгаад тэр өдөр нь аав ээж нь ангид нь ороод хүүхдийнхээ хийж байгаа зүйлүүдтэй танилцана. Зун хичээл дуусаад амрах үед, хэрэглэсэн бүх дэвтрийг нь өгөөд явуулдаг юм байна лээ. Хүүхдүүдийн цүнхэнд усны сав, хэрэв хүсвэл өдөр амны зугаа- гаргаж идэх зүйлс, бас хүсвэл уншлагын цагаар найзуудтайгаа уншина гэсэн ном л байна. Цүнхэн дотор явдаг зүйлс нь ердөө энэ.

   Аав ээж нь хүүхдийнхээ хичээлийг чөлөөт цагаар нь гэрт нь давтуулах хүсэлтэй байвал хүүхэд бүр тус дээр нэг нэг хаяг үүсгэж өгдөг. Тэнд нь тухайн түвшний хичээлүүдээр нь хийчихсэн тоглоомуудтай сайт байгаа. Тийшээ ороод тоглонгоо хичээлээ давтаад явж болдог. Сургууль дотор харин зураг авахыг зөвшөөрдөггүй юм.

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.