Аваргын аав
Чихэнд чимэгтэй
2023-01-12
Спорт, олимпизм хариуцсан сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ аавынхаа хуучин фото зургийг өчигдөр Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Түүний хувьд ховор нандин энэ зургийг эгч нь гаргаж ирсэн бөгөөд 1967 онд Л.Бадмаанямбуу гуай Хэнтий аймгийн 10 дугаар баазад тээврийн тэрэг барьж байх үеийг харуулжээ. “Аавынхаа зил 164 монхор ногоон машинд сууж явсан үеийг дурсан санах дэндүү сайхан байна” хэмээн аварга бээр нүүр хуудсандаа бичсэн байна. Зураг авахуулсан тухайн тэр үед Л.Бадмаанямбуу гуай 50, хүү Б.Бат-Эрдэнэ нь гурван настай байжээ.
Л.Бадмаанямбуу нь олон жил тээврийн тэрэг барьсан боловч уул нь багш хүн аж. Тэрбээр Архангай аймгийн Цэнхэр суманд Орвоон дархан хэмээх Лувсандорж гэдэг хүний хүү болж төрсөн боловч багадаа Булган сумын Баатарынх гэдэг айлд үрчлэгдсэн тул энэ суманд бага насаа өнгөрүүлжээ. Дунд сургуулиа дүүргээд Хүн эмнэлгийн сургуульд орсон ч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод сургуулиа төгсөж чадалгүй орхиж, дараа нь Багшийн сургуульд суралцан төгссөн байна. Улмаар Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан, Бууцагаан суманд багшилж байжээ. 1942 онд цэрэгт татагдаж Цэргийн ерөнхий сургуульд суралцан танкийн механикч, жолооч мэргэжил эзэмшээд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явжээ. Дайны дараа Хэнтий аймгийн төвд байсан танкийн бригадад алба хаагаад 1952 онд халагдаж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Даржаагийн Цэндтэй гэр бүл болсноор Хэнтий аймагт суурьшсан түүхтэй. Улмаар Хэнтий аймгийн авто тээврийн 10 дугаар бааз, Өндөрхааны сангийн аж ахуйд олон жил жолооч хийсэн хүн ажээ.
1960-70-аад онд Монголын ачаа тээврийн гол унаа болж байсан “ЗиЛ-164” машиныг тухайн үеийн ЗХУ-ын Москва хотын Лихачёвын нэрэмжит үйлдвэрт 1957-64 онд үйлдвэрлэн Ази, Африкийн орнууд тэр дундаа БНМАУ-д их хэмжээгээр нийлүүлж байжээ. Мөн Германд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд, Германы армийн хэрэгцээнд нийлүүлж байв. Зөвлөлтийн дотоодын аж ахуйд төрөл бүрийн зориулалтаар маш түгээмэл ашиглаж байсан бөгөөд 100 км-т 27 л шатахуун зарцуулдаг байжээ. 1963 онд Лихачёвын үйлдвэрт “ЗиЛ-130” машиныг үйлдвэрлэж эхэлснээр “ЗиЛ-164”-ийн үе төгсөж, Монголын ачаа тээвэрт “ЗиЛ-130” зонхилох шинэ үе эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.