images

Түүхч Д.Баярсайхан: Армян хэлний баялгийг ардын үлгэрээс нь олж авсан

Д.Бизьяа

Хэлтэй бол хөлтэй

2022-12-26


 “Хэлтэй бол хөлтэй” булангийн өнөөдрийн зочин, түүхч Дашдондогийн Баярсайхан 1981 онд Армяны их сургуулийг дүүргэжээ. Улмаар Английн Оксфордын их сургуульд армян судлалаар магистр, докторын зэрэг хамгаалсан хүн юм. Хамгийн сүүлд тэрбээр МУИС-ийн Түүхийн тэнхимд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Түүний судалгааны сэдэв нь Дундад зууны үеийн Чингис хааны ач гуч нарын түүх, Иранд төвтэй байсан Ил хаадын улсын түүх ажээ.   

Армянд Монголоос суралцахаар очсон анхны алтан хараацай

   Би багаасаа Дундад дорно, Арабын ертөнцийн тухай их сонирхдог байлаа. Бага байхад ээж минь дэлхийн олон улсын үлгэрүүд их уншиж өгдөг байсан юм. Тэндээс сонссон араб үлгэрээс арабын ертөнц гэж огт өөр юм төсөөлөгддөг байв. Тиймээс багаасаа тэр зүг рүү явж сурах мөрөөдөлтэй болсон хэрэг. Гэвч тухайн үед Араб, Иран руу сургуульд явах боломжгүй байлаа. 10 дугаар анги төгсөх үед минь хятад, япон хэлний анги байсан ч огт сонирхол татсангүй. Харин хамгийн сонирхолтой нь анх удаа армян хэлний анги гэж орж ирлээ. Аав минь театр судлаач хүн байсан. Армянд очиж үзсэн байлаа. Тэр үед Армяны Ованес Туманян гэж том яруу найрагчийн насны ой болоод аав минь уригдаж очоод ирсэн байсан юм. Аав минь ирчхээд Армян улсыг их магтсан. Агуу түүхтэй, манай Монголын түүх ч тэнд байна гээд л. Тэгээд ааваасаа асуутал шууд л армян хэлний анги ав гэсэн. Очоод армян хэл сураад тэндээс Монголынхоо түүхийг судал гэж зөвлөсөн. Тэр жил яагаад армян хэлний анги орж ирсэн гэхээр манай ШУА-ийн ерөнхийлөгч байсан Б.Ширэндэв гуай Армяны ШУА-ийн ерөнхийлөгчтэй уулзаж албан харилцаа тогтоогоод армян хэл дээрх монголчуудын сурвалжийг судлах асуудлаар ярилцаад Монгол улсаас хүн авч сургахаар болсон юм билээ. Ингээд тэр жил анх ирсэн армян хэлний хуваарийг аваад ШУА-ийн нэр дээр Батсүх гэж эмэгтэй хүүхэд бид хоёр явсан юм. Хоёулаа эрэгтэй нэртэй. Ийм сонин хувь тохиолоор Армяны хэл, соёл, түүхтэй танилцах болсон нь тэр.

   Ингээд тус улсыг зорьж Москваг дайраад, тэндээсээ Ереван хүртэл галт тэргээр яваад тэр сайхан оронд анх хөл тавьсан жил бол 1975 он байлаа. Хамгийн анх сонссон армян үг бол “Мот ари” гэдэг үг. Галт тэргэнд яваа армян хүмүүс үймж бужигнаж яваа хүүхдүүдээ дуудаад л “Мот ари” гэх юм. Тэгээд сүүлд мэдсэн чинь тэр нь “Нааш ир” гэсэн үг байсан юм билээ. Армян судлалын анги гэж хуваарь аваад очсон чинь тэнд армян судлалын анги гэж байсангүй. Тэгээд Армяны их сургуулийн армян хэл судлалын анги гэгчид оров оо. Би өөрөө унаган орос хэлтэй. Харин армянаар ганц ч үг байхгүй. Очоод шууд нэг жилийн хэлний бэлтгэлд ороод дараа нь үндсэн ангидаа орж таван жил, нийт зургаан жил тэнд суралцсан.

   Тэр үед Армянд гадаад оюутан гэж бараг байхгүй. Харин дэлхийгээр тарсан армян үндэстэй залуус тэнд очиж төрөлх хэлээ сурдаг байсан юм. Яг миний сурахаар очсон сонгодог армян хэлийг грабар гэдэг. Тэр нь ярианы хэл биш бичгийн сонгодог хэл. Эртний шинжлэх ухааны бүх сурвалж нь энэ хэл дээр байдаг. Миний очсон Зөвлөлт Армян улс бол зүүн армян аялгаар ярьдаг. Гаднаас ирж сурч байгаа оюутнууд ихэнх нь баруун армян аялгаар ярьдаг, бичиггүй хүмүүс байлаа. Бид хоёр тусгай хөтөлбөрөөр хэл үзэж эхэлсэн. Бэлтгэл ангид нэг их сонин хичээл ордог байсан нь Армяны түүхийн хичээл байв. Эхлээд армянаар ярина. Дараа нь оросоор орчуулж тайлбарлаж өгнө. Дараа нь гадаад оюутнуудад арабаар, персээр, францаар тайлбарлаж ярьж өгнө. Хамгийн сүүлд нь Америкаас ирсэн армян оюутанд англиар тайлбарлаж өгнө. Ингээд нэг хичээлийг ийм олон хэлээр яриад явчихаар миний хувьд бол үнэхээр сонирхолтой санагдаж байлаа. Би бол орос хэлээр ойлгочихно. Дараа нь тийм олон хэлээр тайлбарлахаар намайг бүр өөр ертөнцөд аваачих мэт болж үнэхээр сайхан санагддаг байв. Тэгэхэд энэ олон сайхан хэлийг эзэмших ёстой юм байна гэсэн бодол төрсөн юм. Миний орос хэл бол гайгүй сайн. Англи хэлний зах зухтай. Гэхдээ л тийм түвшний юм ярина гэхэд миний англи хэл хаана ч хүрэхгүй. Тэгэхээр ялангуяа англи хэлийг эзэмшихгүйгээр хаашаа ч явж чадахгүй юм байна гэдэг бодол анх тэнд төрсөн. Багаасаа унаган орос хэлтэй болсондоо маш их олзуурхаж байлаа. Орос хэлээр дамжуулж дэлхийн соёлтой танилцсан хүүхэд. Харин хоёр дахь гадаад хэл минь армян хэл болж таарсан юм. Өөр бусад хэлийг бол хэзээ хойно нь сурсан.  

Армян хүнийг армянаар нь “загнадаг” болов

     Армян хэл анх маш хэцүү хэллэгтэй, амаргүй санагдаж байв. Араб соёлтой улсуудын хэлэнд хоолойн угийн “га” маягийн дуудлага ихтэй. Армян хэл мөн адил. Жишээ нь армян хэл хоёр “х”-тэй. Энгийн бидний хэрэглэдэг шиг “х” үсэг байхад маш их хоолойгоо шахаж хэлдэг хоолойн “х” гэж байна. Бас “ж” үсэг их олон. Би бараг одоо хүртэл тэр олон “ж”-г ялгаж чаддаггүй юм. “жз”, “дж”, “жч” маягаар хоорондоо ялгаатай. Армян хэл 38 үсэгтэй. 7 эгшигтэй. Гийгүүлэгчүүд нь энгийнээр хэлэгддэг, тэсрэлттэй хэлэгддэг гэж хоёр янз. Энэ мэтээр армян хэл дүрмийн хувьд адармаатай ч гэсэн эртний хэлбэрээсээ огт өөрчлөгдөөгүй. Маш тодорхой тогтсон дүрэмтэй, ямар нэгэн маргаан байхгүй. Тавдугаар зуунаас хойш явж байгаа бичиг шүү дээ. Маш сайн уламжлагдаж хадгалагдсан. Олон авиатай болохоор армян хүн ямар ч хэлний ямар ч хэцүү үгийг зөв дуудаж чаддаг. Армян хэл сурсан аргын хувьд цээжлэх, бичих, давтах аргыг голлож байлаа. Зөвхөн хэл орохоос гадна хэлний онол орно. Армян хэлэнд мөн дүрмийн, дүрмийн бус, дүрмийн бусын бус гэсэн ойлголт байдаг. Ингэхээр яс цээжилж, давтаж өөрийн болгох, мөн энэ дүрмийн учрыг олоход номтой нөхөрлөхөөс өөр арга байхгүй.  

     Ингэж явсаар гурван сарын дотор хүмүүстэй ойлголцоод байдаг боллоо. Нэг жилийн дараа гэхэд бүр овоо болсон. Сургууль дээр бол холоос ирсэн монгол оюутан гээд бүгдээрээ намайг танина. Бараг тааралдсан оюутан болгон намайг шалгаана шүү дээ. Харин гудамжинд явж байхад элдэв бүдүүлэг үг хэллэг нэлээд сонсогдоно. Манай оюутны байрны ойролцоо “Наири” гэж кино театр байдаг. Кино үзэхээр ирсэн янз бүрийн залуучуудын дэргэдүүр зөрөөд өнгөрөхөд араас элдэв янзын үг хэлж дуудна, хашхирна. Юу гэж хэлснийг нь би ойлгоод байгаа болохоор тэсэлгүй эргэж очоод “Та ийм агуу түүхтэй, ийм агуу соёлтой үндэстний үр хойчис байж бусдын талаар яаж ийм муухай үг хэлж чадаж байна аа. Би бол танай улсад ирсэн зочин” гээд армян хэлээр нь хэлж орхино. Тэгэхээр нүд нь орой дээрээ гарч, ам нь ангайгаад ирэхээр “Дахиж битгий ингэж байгаарай” гэж сургана. Сүүлдээ би тэр хавьдаа хүмүүсийн сайн танил боллоо. Тааралдсан хүн болгон л элдвийг асуудаг, санаа тавьдаг болов. Тэдний хувьд зочин гэдэг бол бурхны дараах хүн. Маш их хүндэтгэнэ. Үүнээс хойш элдэв найр, дайллага цайллагад их уригдах боллоо. Манай ангийн оюутнууд л намайг уриад байгаа хэрэг. Очсон газар болгонд өөрийгөө танилцуулахад тэд ч бөөн баяр болно. Тэгээд дуу хуур болно. Сүүлдээ би өөрийн тактиктай боллоо. Армяны их том яруу найрагч Саяат Нова гэж байдаг. Тэр найрагчийн шүлгээр бүтсэн дуу их. Армянчуудын үндэсний бахархал болсон хэдэн сайхан дуу байдаг. Тэр дуунаас сурч аваад дуулж өгдөг болов. Дуу хуурынх нь манайхтай төстэй нь хайр дурлал, янаг амрагийн дуунаасаа илүү уул ус, газар нутаг, эх орноо магтан дуулсан дуу их. Нөгөө талаар армян дуу маш их гэгэлгэн, гуниг шаналал тээсэн гэмээр сонсогддог. Ямар ч армян хөгжим сонсоход сэтгэл санаа гуниглах, санаашрах маягийн болоод явчихдаг. Энэ нь эх түүхтэй нь холбоотой л доо. Маш их зовлон туулсан ард түмэн шүү дээ.

Судар бичгийн хүрээлэнд суусан минь

     Армян хэл сурч байхад багш нар, тэндхийн хүмүүс надад нэг үг их хэлдэг байв. Тэр үгийн учрыг би нэлээд оролдож байж ойлгосон юм. “Цавэд таннэм” гэж үг. “Цав” гэдэг нь “зовлон, өвчин”, “цавэд” гэхээрээ “Чиний зовлон, гуниг, шаналал” гэсэн үг. “Таннэм” гэдэг нь “би авъя” гэсэн үг. Энэ нь нийлээд “Чиний шаналлыг би авъя, хуваалцъя” гэсэн санаа. Гол төлөв ахмад хүмүүс ийм үгийг их хэлдэг.

     Би түүхэн сурвалж уншихийн тулд сонгодог бичгийн грабар хэлийг сурах шаардлагатай болсон. Тэр хэлээр бичигдсэн сурвалж бичиг, судрыг хадгалдаг Матенадаран буюу Судар бичгийн хүрээлэн гэж бий. Хүрээлэн дэх сурвалж дотор Монголын түүхтэй холбоотой сурвалж бичиг их байдаг. Энэхүү сурвалж бичгийн хэлийг надад заасан анхны багш маань Сурен Авакян гэж багш байлаа. Энэ багш маань намайг бусад олон дадлагын ажлаас чөлөөлөөд ганцхан тэр хүрээлэнд сууж сурвалж бичиг үзэх дадлага хийлгэдэг байсан. Эхний жилээ армян хэлний зах зухтай болчихоод нөгөө хүрээлэндээ очсон юм. Тэгэхэд манай багш хамгийн түрүүнд намайг номын санч нарт танилцуулав. Тэгээд нэг том судар барьж аваад л суучихдаг боллоо. Тэгж байтал цагаан сахалтай, цал буурал эрдэмтэн профессорууд хүрээд ирнэ. “Охин минь, чи армянаар ярих уу?” гэхэд нь “Жаахан ярина” л гэнэ. Тэгээд надаар судар уншуулж үзээд л нөгөө “Цавэд танэм” гэдэг үгээ хэлнэ. “Чиний зовлон шаналлыг би авъя” гэдэг нь манайхаар бол ерөөл юм. Чамд би маш их сэтгэл тавьж байна. Чамд тусална. Чиний ажил үйлс бүтэг гэсэн утга бүхий ерөөл юм. Тэдний түүх соёлоос суралцах гээд хаа холын Монголоос ирсэн нэг охин тийм эртний сурвалж бичиг судална гээд сууж байхаар сэтгэл нь их хөдөлсөн хэрэг. Өдөр бүр өөр өөр хүмүүс ирнэ. Эхлээд ичиж зовдог байснаа сүүлдээ дасаад хамт хооллодог, цайлдаг болсон.

Матенадаран буюу Судар бичгийн хүрээлэн

     Армянчууд их үндсэрхэг үзэлтэй, бас хэл бичиг, сүм хийдээрээ нэгдэж чаддаг үндэстэн. Энэ дэлхийн хаана ч явсан өөрсдийн хэлээр ярьж, бичгээр бичиж, өөрсдийн сүмд очно. Ер нь хэл, бичиг, шашин гурав байхад ямар ч үндэстэн мөхдөггүй гэдэг. Одоогийн Армян улс 3 сая гаруй хүн амтай. Гэтэл үүнээс бараг гурав дахин олон армян үндэстэн гадаадад байдаг. Тэд хаана ч байсан өөрсдийн сүмдээ очиж, өөрсдийн хэл, бичгээ хэрэглэнэ. 1915 оны үед Армянд их хядлага болсон. Туркуудын хийсэн хэрэг л дээ. Орос-Туркийн дайнаар энэ үндэстэн хоёр хуваагдаж нэг нь Зөвлөлтийн мэдэлд, нөгөө хэсэг нь Туркийн эзэмшилд очжээ. Армянчуудын гол бэлгэ тэмдэг болсон Арарат уул одоо бол Туркийн нутагт оршдог. Туркууд армянчуудыг шоглох гээд “Танай шүтээн Арарат уул яагаад өөр улсын нутагт байдаг юм” гэхэд “Хавирган сар ганцхан танай нутагт манддаг биш шүү дээ” гэсэн гэдэг. Армян улс шашин номоо өөрийн бичгээр үзнэ гээд эрдэмтдээ гадаадад олноор явуулж туршлага судлуулсны үндсэн дээр манай эриний 5 дугаар зуун буюу 405 онд грек хэлний цагаан толгойд суурилан армян бичгээ зохиожээ. Үүнээс хойш шашин номоо өөрийн хэлээр үзэх болсон юм. Миний сурсан грабар гээд байгаа хэл нь яг эртний уламжлалаа хадгалж үлдсэн сонгодог бичгийн хэл юм. Хичээлээ сурах явцдаа армян хэлээр үлгэр их уншдаг байлаа. Үгийн баялгийг ёстой тэндээс олж авсан гэж боддог.

Чингисийн монгол хэлийг сурсан анхны армян хүн хэн бэ?

     Энэ мэтээр 6 жил суралцаад сургуулиа армян судлаач мэргэжлээр төгсөж ирэхэд Б.Ширэндэв гуай хүлээж аваад ШУА-ийн Түүхийн хүрээлэнд орж армян сурвалж судалдаг судлаач болох ажил эхэллээ. Сурч байхдаа багшаараа удирдуулаад армян сурвалж дахь монгол үгсийн тухай дипломын ажлаа бичсэн. Армян хэл дээр Монголын түүхийн сурвалж маш элбэг. Армянчуудын түүхээ бичиж үлдээх явцыг монголчууд огт хааж хязгаарлаагүй юм билээ. Монголчуудын үед сүм хийд, шашин шүтлэг нь байнга нээлттэй байсан. Миний олж харснаар бол түүхэнд армянчуудтай анх тулж уулзсан монгол хүн бол Молор ноён юм. Энэ хүн хэн бэ, яагаад тэнд яваад очив гэхээр Молор ноён бол 13 дугаар зууны үед Ираны ертөнцийг эзэлж, эрхшээж байсан Чормаган жанжны итгэлт түшмэл юм. Молор ноён Армян нутгийг захирч Монголын хаадын бодлогыг хэрэгжүүлэхээр суурин үлдсэн. Ингээд ноён өөрөө ухаантай хүн тул тэдний онцлогийг, өөрөөр хэлбэл армян хүмүүс ерөөсөө л сүмдээ захирагддаг юм байна гэдгийг олж хараад лам нартай нь шууд харилцаж эхэлсэн байдаг. Ингээд нэг ламыг өөрийн шадар болгоод хагас жилийн дараа гэхэд нөгөө лам нь монгол хэлтэй, Молор ноёнд орчуулга хийдэг болсон байна. Тэрхүү ламтны нэрийг Киракос Гандзакеци гэдэг байсан. Армяны түүхэнд маш тодоор яригддаг том эрдэмтэн хүн. Хэлтэй холбож ярихад Гандзакеци гэдэг нь Гандзак нутгийн хүн л гэсэн үг. Сүүлд энэ эрдэмтэн “Армянчуудын түүх” гэж том бүтээл бичсэн. Армяны түүх гэхээр яах аргагүй Монголын түүхтэй холбогдож таардаг. Энэ хүн монгол хэл сураад зогсохгүй монгол хэлний дал гаруй үгийг түүхийн бүтээлдээ оруулж бичсэн байдаг. Жишээ нь ямаа гэдгийг монголоор “имага” гэнэ гэх мэтчилэн. Сахал, үс, гар, хөл, бүр гэдэс дотор гэсэн үгс хүртэл оруулсан байдаг. Монголын түүхтэй холбоотой армян хэл дээрх анхдагч эх сурвалжийг уншиж судлахад сонгодог бичгийн хэл хамгаас чухал. Судалгаа хийхэд нөгөө Судар бичгийн хүрээлэнд хэдэн жил чанагдсаны ач гарсан л даа. Сүүлд Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалахад энэ маань хамгийн их хэрэг болсон. Хамгийн том гол гол сурвалжуудтай тэнд сурч байхдаа танилцаж чадсандаа үнэхээр бахархсан даа.

Перс, грек, латин, герман, франц хэл үзэв 

     Армянд оюутан байхдаа бас перс хэл хагас жил үзэв. Сүүлд Оксфордын их сургуульд энэ хэлээ дахин гүнзгийрүүлж үзсэн. Судалгааны ажилд перс хэлээ нэлээд сайн ашигладаг. Мөн сонгон суралцах хичээлээр грек болон латин хэлний сонгонд явсан. Оксфордод доктор хамгаалахад гадаад хэлний шалгуур маш өндөр тавьдаг юм. Жишээ нь тэнд судалгааны хоёр хэл, сурвалжийн хоёр хэл, сонгодог хоёр гадаад хэл, нийт зургаан гадаад хэл шаардаж, бүр шалгалт авдаг. Энэ зургаан гадаад хэлэнд монгол, англи хэл багтахгүй. Оксфордод ирэхээсээ өмнө би нэг хэсэг эрүүл мэндийн шалтгаанаар Австри улсад дүүгийнхээ дэргэд хэсэг байсан юм. Тэнд байхдаа зүгээр байснаас гээд герман хэлний зах зухад суралцсан. Ингээд орос, герман хэлийг судалгааны гадаад хэл болгож шалгуулж тэнцээд, перс, армян хэлийг сурвалжийн гадаад хэл болгоод, сонгодог гадаад хэлэндээ грек хэл болон сонгодог бичгийн армян хэлээ оруулж шалгуулаад тэнцэж байлаа. Шалгалтан дээр жишээ нь грек хэлээр текст өгөөд орчуулуулж шалгаж байгаа юм. Оксфордод анх би герман багштай, тэр маань германаар судалгааны бүтээл их уншуулдаг байлаа. Тэгээд дараа нь өөр багштай хичээллэх болсон чинь франц судалгааны ажлуудтай танилцахыг шаардсан. Оксфордын нэг сайхан зүйл нь тус сургуулийн бүх хэлний дамжаанд үнэгүй суралцаж болдог. Тэгэхээр нь франц хэлний курсэд явж эхэллээ. Ингэсний хүчинд Жан Ришар гэдэг франц судлаачийн бүтээлтэй франц хэлээр нь бүрэн танилцаж чадав. Өдөр бүр номын санд суугаад, өдөрт гурван номын ард гарах зорилт тавиад, тэндээсээ өөрт хэрэгтэй зүйлсээ түүж уншаад л сууна шүү дээ. Ингээд гурван сар нүдэхэд эрс сайжирсан даа.

Фэйсбүүк гарсан хойно...

     Тухайн үед монголд армян хэл үзсэн судалсан хүн байсангүй. Одоо ч нэг их байхгүй дээ. Харин намайг тэнд сурч байхад нэг хэсэг Армяны хөгжмийн их сургуульд манайхан нэлээд суралцсан. Олны танилаас “Соёл-Эрдэнэ” чуулгын дуучин Б.Баяраа тэндхийн консерваторид сурч төгссөн юм. Тэр үеийн төгсөгчдөөс одоо ч байна. Хөгжим бүжгийн коллежийн багш нар бий. Тэд голдуу ярианы хэл сайн сурдаг байсан. Тэнд сурч төгссөн Ганбат гээд залуу надтай нэг тааралдаад шууд л армянаар “Ин чка чка?” буюу “Чамд юу байна, юу байхгүй байна?” гээд л мэндэлж байх жишээтэй. Тэр нь манайхаар бол “Сонин юу байна?” гэсэн утгатай үг л дээ. Социалист Монголд армян хүмүүс нэлээд байсан, одоо ч байдаг гэсэн. Би тэдэнтэй нэг их холбоотой байсангүй. Зөвхөн эрдэм судлалын ажилдаа л шамддаг байлаа.

     Сүүлд Фэйсбүүк гарсан хойно, Армянд сурч байсан нөхдийн маань зарим намайг хайгаад ороод ирсэн шүү. Хоёр жилийн өмнө Армяны “Толь” гэдэг сэтгүүлээс надтай холбоо бариад, армян сурвалж судалгаагаа одоо хүртэл үргэлжлүүлж байгаа тухай ярилцлага авсан. Намайг нэлээд сайн судалсан байж билээ. Бүр онц сурдаг байсныг маань хүртэл хэлж байв. Тэр сэтгүүлийн ярилцлагыг хуучны олон найз нөхөд маань олж харсан байна билээ. Одоо ч би судалгаа шинжилгээний ажилдаа армян хэлээ голлон хэрэглэсээр явна. Сүүлд хоёр монгол оюутанд армян хэл зааж эхэлсэн юм. Харамсалтай нь нөгөө хоёр минь халшраад орхисон доо.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.