images

Дотор эрхтний байр солигдсон өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-17


     Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, мэдээгүйжүүлгийн тасгийн эмч нар цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн байр нь солигдсон хүний цөсний хүүдийг дурангаар авах мэс засал амжилттай хийснийг цахим хуудсандаа мэдээлжээ. Анагаах ухаанд “Situs inversus totalis” гэж нэрлэгддэг тус эмгэг нь цээж хэвлийн хөндийн баруун талд байрладаг эрхтэн зүүн талд, зүүн талд байрладаг эрхтэн баруун талд гарсан, удамшлын шалгаантай нийт хүн амын 0.01 хувь буюу 10 мянган хүн тутамд ганц л тохиолддог гэнэ. Энэ удаагийн мэс заслыг зөвлөх эмч Б.Алтангэрэл гардан гүйцэтгэж, мэс засалч Б.Сумьяа, Ж.Отгонбаяр нар туслах эмчээр ажилласнаас гадна Б.Түвшинбаяр, Б.Жарденбек, Ш.Аззаяа, С.Цээсүрэн, Д.Эрдэнэсүрэн нар оролцсон байна. Тэд мэс заслыг 67 минутад гүйцэтгэж, өвчтөний цөсний хүүдийг аюулгүй авчээ. Ийм эмгэгтэй хүмүүс цөсний чулуу эсвэл архаг үрэвсэл (холецистит)-тэй болсон байдаг учраас зайлшгүй хийгдэх эмчилгээний нэг нь энэ ажээ. Сонирхуулахад, энэ эмгэгийг анх Аристотель (МЭӨ 384–322) амьтад дээр тохиолддогийг ажигласан бол 1600 онд Фабрикус хүний элэг, дэлүүний байрлал өөрчлөгдсөн анхны тохиолдлыг баримтжуулан олон нийтэд мэдээлж байжээ. Улмаар хоёр дахь тохиолдлыг Парисын их сургуулийн анагаах ухааны факультетийн декан Риолан 1652 онд олон нийтэд мэдээлж, 1991 онд Кампос, Сайпис нар өвчтөнд дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс засал хийжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.