images

Оспаныг хороох оролдлого бүтэлгүйтсэн нь


     1940-өөд оны сүүл үеэс Шинжааны нутагт Алтайн казахыг салгаж тусад нь улс байгуулахаар самуун үүсгээд байсан Оспаны казахууд Монголын хилийн цэргийн албан хаагчид болон хил орчмын иргэдийг олзлох, мал ахуй дээрэмдэх зэрэг авир гаргаж эхэлсэн байна. Иймээс БНМАУ-ын зүгээс Оспаныг устгахаар тэр үед шоронд байсан Дандар баатрыг суллан, түүнээр ахлуулсан хэсэг хоёр ч удаа Оспаны аминд халдах оролдого хийсэн боловч бүтэлгүй болжээ. Энэ тухай өндөр настан Сейлхан хуучилсан байна. Тэрбээр “Оспаныг хороох ажлыг Дандар баатраар удирдуулсан юм. Тэр үед Дандар баатар шоронд сууж байсан. Түүнтэй хамт жараад хүн ял эдэлж байснаас 25 жилийн ялтай хоёр хүнийг сонгон авсан гэдэг юм. Дээрээс нь дөрвөн казах цэрэг авч тэднийг сар гаруй ууланд бэлтгэл хийлгэсэн билээ. Мөн Булганы отрядын тусгай хэлтсийн ажилтан Сейлхан миний бие, Зурмаан, Авирхас, Агнаан бид дөрөв нэмэгдсэн юм. Цонж хотын баруун талын модтой ууланд Оспан бүгж байгааг бид олж мэдлээ. Ингээд бид бүрэнхий болгоод мордов. Нөгөө ууланд хүрээд манайхан цаашаа явган явж би морьдоо хараад үлдлээ. Шөнө дунд болтол сураг чимээ байдаггүй. Хэсэг зүүрмэглэж байтал буун дуу хадаад явчихлаа. Удалгүй манайхан хар гүйхээрээ ирээд мориндоо мордон зугтлаа даа. "Юу болов?" гээд асуутал харуулуудтай нь тулгараад хоёрыг нь буудчихаж. Тэгтэл цаанаас нь бөөн цэргүүд дайраад яах ч аргагүй болоод буцан зугтаж иржээ. Ийнхүү эхний оролдлого бүтэлгүй болсон юм” гэжээ.

Ё.Отгонбаяр. “Монголын тусгаар тогтнолын товчоон” номоос