images

“Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай”


     Дуучин Т.Ариунаагийн олны хүртээл болгосон энэ дууг 2017 онд зохиожээ. “Нандин учрал” хэмээх дуугаа хийгээд хэсэгтээ уран бүтээлээсээ завсарлаад байсан үед энэ дуу бүтсэн гэнэ. Нэг удаа яруу найрагч Ц.Хулантай уулзаж, шүлэг бичүүлэх хүсэлтэй явдгаа хэлээд, ханийн тухай сайхан шүлэг бичиж өгөхийг хүсжээ. Тэгээд хөгжмийн зохиолч Л.Балхжаваар ая хийлгэе хэмээн ярилцаж тохиролцов гэнэ. Түүнээс хойш төд удалгүй Ц.Хулан “За Ариунаа минь, дөрвөн мөрт гарлаа. Би чам руу явуулъя” гэж утас цохив. Шүлгээ хүлээж аваад сонстол дахилтын бадаг нь үнэхээр сэтгэлд нь хүрчээТэр урмаар яруу найрагч ч шүлгээ хурдан гүйцээв.   Т.Ариунаа энэ тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Үнэхээр шууд л миний зүрхэнд хүрсэн. Гэр бүлтэй эмэгтэй хүн болгоны эр нөхөртөө хэлэх гэдэг бүх үг энэ дуунд бичигдсэн. Ханиа хайрлах хайр, ерөөл бүхэн энэ бадагт шингэсэн" хэмээн тайлбарлажээ. Энэ уран бүтээлийн зөвхөн дуулалтад сар гаруй хугацааг зарцуулжээ. Дараа нь клипээ хийлгэхээр “Lemon” студийг сонгосонд студийн залуус сэтгэлд нь хүртэл сайхан урлаж чадсан гэдэг.