images

Наяад оны телевизийн цензүр


     1980-аад оны телевизийн залуус бид цензүр гэдгийг дэндүү айхтар ойлгож түүний хүлээсээр биднийг чивчиртэл чанга хүлж байжээ. Манай редактор Баатарсүрэн хөгжмийн нэвтрүүлэг бэлдэж байхдаа Унгар улсын телевизээс ирүүлсэн “Неотон” хамтлагийн клипийг үзүүлсэн хэргээр ажлаасаа халагдсан билээ. Тэр нь уг хамтлагийн дуучин бүсгүй хээр талд гүйж явахад хормой нь салхинд хийсэх бүрт нүцгэн гуя нь харагдсанаас болсон хэрэг. Энэ мэт юм бишгүй л байсан. Манай кино программын хэсэгт миний монтажчинаар ажилладаг Гэндэнсүрэн гэж хөгшин байлаа. Бид хоёрын хөглөх будилах их. Нэг удаа би “Хань” гэдэг кино гаргана, фондоос аваад ир" гэтэл яваад хэдэн цагаар ирдэггүй. Яасан гэхээр би бичгийн хэв муутай учир миний бичсэнийг “Хонь” гэж уншчихаад нөгөө киног хайгаад байжээ. Монгол телевиз 1980-аад онд социалист орнуудаас янз бүрийн кино их авдаг байв. Германы кинонд нүцгэн хүүхэн, үнсэлцэх байдал их гарна. Тэр бүгдийг бид хоёр нэг нэгэнгүй үзэж, хайчилж танадаг байв. Ер нь нүцгэн шалдан, үнсэлцсэн явдалтай кино гаргахад ахмад настай хүмүүс дургүйцэж маш ихээр утасдана. Бид хоёр хайчилж танасан бүхнээ хаялгүй эвлүүлж наагаад бараг хайрцаг “кино”-той болсон байлаа. Түүнийг маань телевизийн залуус үзье гэж их гуйна, бид хоёр ч хөдлөхгүй. Энэ бол 1984-1985 оны үе юм.

Гомбын Золжаргал. “Холоос тээсэн бодол” номоос.