images

Амаар дүүрэн сум


     Ховд аймгийн Мөнххайрхан сумын найман жилийн сургуулийн багш А.Нямжав тарвага агнаж явахад өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа ярьсныг тус сумын иргэн Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Пүрэвдорж ийн хуучилжээ. Нямжав багш Алагийн эхэнд тарвага дурандаж суугаад асга бартаа ихтэй уулын энгэрт таван чоно тэрийн хэвтээд унтаж байхыг олж харжээ. Салхийг нь чихэлж гэтэж мярайсаар нэлээд ойртож ирээд өнгийж харвал чононууд ямар ч ажиг сэжиг авсан шинжгүй нам унтаж байжээ. Өврөөсөө нэг хайрцаг сум гаргаж ирээд бууныхоо хоолойд нэг сум хийж, цаана нь арваад сумыг амандаа зуугаад үлдсэнийг нь жижиг алчуурт боож найдвартай нь аргагүй хэд дахин зангидаа өмднийхөө халаасанд хийсэн байна. Ингээд хамгийн наад талд тэрийн хэвтээд унтаж байсан чонын хулхинд шагайж байгаад бууджээ. Чононууд үсрэн босоод тал тал тийш давхилдаж. Буудсан чоноо оноогүй бололтой бас л босоод давхиж явна гэнэ. Дахин буудах гэж бариу өмднийхөө халааснаас алчуурт боосон сумаа арайхайн гаргаж ирээд хэдэн давхар зангилааг нь тайлах гэж яаран сандран ноцолдсоор байтал нөгөө чононууд аль хэдийн талийж одсон байжээ. Тийм ойрхоноос ганцыг ч унагаж чадаагүй тэрбээр ихэд харамсаж бухимдан “Түй” гээд амаа барьтал амаар нь дүүрэн сум байсан гэдэг.