images

Япон цэрэг тууж хотод хүргэсэн минь


Өвөрхангай аймгийн харьяат Баянжаргалын Балжинням гуайн хууч яриа

     Би нутгаасаа гурвуул цэрэгт татагдсан юм. Халх голын дайны шуурган дундуур туулж гарсан билээ. Дайн дуусах үед бидний хэдэн цэрэг олзны япон цэргүүдийг Улаанбаатар хот хүртэл харгалзаж хүргэх ажилтай болсон юм. Ялагдсан цэргийн сүр сүлд амьдаараа үхэж, огт байхгүй болдог юм билээ. Туугдан яваа япон цэргүүд ядарч туйлдсанаа чирээд хэсэг явдаг. Тамир тэнхээ нь хүрч дийлэхгүй хаяхаар нь бид жадалж хороох тушаалтай. Гээгдэж хаягдсан япон цэргүүд дээр яваад очихоор хоёр нүд нь бүлтэлзээд, нулимс нь ботгоных шиг хацраа даган асгараад хэвтэж байдаг. Бурханд сүжигтэй, зөөлөн сэтгэлтэй монгол хүн чинь хэдий дайсан ч гэлээ хүний үрийг яаж улаан цайм бүлтгэнүүлж байгаад жадалж алж зүрхлэх билээ. Ингэж хэвтэж байтал хэрээ шаазгай ирээд нүдийг нь амьдаар нь тоншчихно гэж бодоод түрүүлгээ харуулж тавиад цааш явна. Юм хэлэх гээд байгаа бололтой, ам нь ангалзаж бувтнаад байдаг байв. Ойр хавьд малд яваа хүн таарахаар “Тэнд нэг эцэнхий олзны цэрэг гээгдээд үлдлээ. Балга ус дөхүүлж өгөөрэй” гэж захиад өнгөрнө. Гол таарахаар олзны цэргүүд дөрвөн хөллөж зэллэн суугаад урсгал уснаас ухаан жолоогүй залгилна. Яг л харангадсан мал шиг харагддаг байлаа, хөөрхийс. Айлын өвөлжөө бууц таарахаар тэд зэрлэг өвс хамаад, буурцаг, элдэв ногооны үндэс ухаж иднэ. Хэд хоногоос хонины хоргол шиг ногооноор баагаад явааг нь харахаар өр нимгэрч, сэтгэл шимшрэн өрөвддөг байв. Айл амьтан тааралдахаар тараг цагаа авчирж тэдэнд өгөх боловч замдаа гэдэс нь эвгүйрхэж, суулгаж гүйлгээд, хоол унд өгсөн биш бүр лайтай юм болдог байлаа. Ийм маягаар олзны цэргүүдээ туусаар хотод хүргэж тушаагаад тун удалгүй цэргээс халагдаж билээ.

Ширчингийн Баатар "Миний өссөн монгол ахуй" номоос