images

Онч мэргэн маарамба Чойсүрэнгийн Риймэд гуайн тухай


Ховд аймгийн өндөр настан, ахмад багш Ц.Малчаа гуайн хууч

     Баруун Алтайн Мөнххайрхан нутагт хувьсгалаас өмнө гурван мянга гаруй хоньтой Мөнхөө баян гэж байжээ. Мөнхөө баян ач хүү Риймэдээ зургаан настай байхад нь дэмч цолтой лам Замбад шавь оруулан 13 нас хүртэл сургасан бөгөөд хүү 13 наснаасаа эхлэн Сэнгээ унзадаар ном заалгаж, шашны номыг төгс сурснаас гадна оточ маарамбын онцгой эрдэмд суралцжээ. Багшийнхаа зааж сургасан ном эрдмийг гаргууд сайн сураад “Онч мэргэн” цолтой болсон байна. Улмаар сүм хийд татан буугдахын өмнөх жил хийдээсээ гарч хар болон хань ижилтэй болжээ. Тэрбээр багийн дарга, малчин зэрэг ажил хийж явахдаа өвчин эмгэгт зовж зүдэрсэн хүмүүст маш их тус хүргэж өвчнийг нь анагаадаг байв. Ингэж яваад шашин шүтлэгт сүсэглэсэн, мэргэ төлөг, арга засал хийсэн хэргээр улс төрийн хэрэгтэн болж ял заагдан шоронд орсон байна. Шоронд сууж байтал нэг өдөр хорих ангийн эрх бүхий нэгэн дарга түүнийг дуудаж уулзаад дагуулан гарч усанд оруулж хувцас сольж өмсгөөд гэртээ дагуулж иржээ. Түүгээр ч үл барам мах чанаж цай хоолоор дайлан архи дарс хүртэл сөнгөсөн байна. Риймэд гуай итгэж ядан эргэлзэж байснаа цай хоолноос нь сайтар идэж ууж, архинаас нь хэдэн хундага уусан хойноо жаахан тайвширсан гэдэг. Тэрхүү даргын эхнэр хүндээр өвдсөн байсныг Риймэд гуайд үзүүлэх гэж дагуулж ирсэн нь тэр байжээ. Тэрбээр даргын эхнэрийг үзэж сурсан эрдмээрээ бариа засал хийн эмнэж өгөөд эргэж хорих ангидаа ирсэн байна. Даргын эхнэрийн бие аажмаар сайжирсаар эрүүл болсон бөгөөд нөгөө дарга машид их баярласнаа илэрхийлж түүнийг нутагт нь ойрхон суулгахаар Өаян-Өлгий аймгийн хорих ангид шилжүүлсэн бөгөөд удалгүй суллагдаж гэртээ харих болжээ. Цагааннуураас Ховдын зүгт цемент авсан машины цувааны зам тосон гар өргөж зогссоор нэг машинд дайгдан явсан байна. Ингээд Ховд орж иртэл замын туршид үргэлжилсэн их бороо орсон бөгөөд бусад машинуудын цемент шалба нороод жолооч нар нь яахаа мэдэхгүй сандарч байхад харин Риймэд гуайн суусан машины цемент огт нороогүй, хув хуурай ирж байсан гэдэг. 1969 оны зун цэлмэг сайхан өдөр Риймэд гуайн гэрт олон хүн цугларан сууж байтал тэрбээр гадагш гараад орж ирэхдээ “Ээ яасан ширүүн усан бороо, их үер вэ? Хайран хүмүүс” гээд ихэд харуусан өгүүлэхэд гэрт байсан хүмүүс дэмий гайхаад өнгөрч. Яг тэр цаг мөчид Улаанбаатар хотод их үер болж хүний амь сүйдэн томоохон гамшиг тохиосныг хэд оногийн дараа хүмүүс олж сонссон байдаг. Риймэд гуай хүмүүсийн жил суудлыг засаж, өвчин эмгэгийг анагаахаас гадна аливаа зүйлийг урьдчилан харж мэддэг оюуны увидастай, гайхмаар хүн байсныг олон хүмүүс дурсан ярьдаг билээ.