images

Бат бөөгийн ачаар аюулт өвчнөөс салсан минь


     Ховд аймгийн Дуут сумын Хасаг арван элхэний Амарын Нямжав өөрт тохиолдсон явдлаа дурсан Бат бөөгийн ачаар аюулт өвчнөөс салсан тухайгаа хуучилсан нь:

     "1943 онд би арван хоёр настай байхдаа айхтар хамуурлаа. Манай ээж ёроол нь цоорхой хувин тавиад доор нь гал түлж, дээр нь намайг суулгаад хүхрээр утдаг байв. Сумын эмч Жамьян гэдэг хүн ирж үзээд “Европын эмнэлэг тус болохгүй. Хар арга бод” гэж хэлээд явлаа. Ээж намайг үргэлжлүүлэн сар гаран утсанд хүхэрт хордоод хоёр хөл бараг шуудай шиг болтолоо хавдав. Хоёр гарын алга ч тэгшрэн хавдлаа. Гэхдээ ухаан санаа саруул. Сүүлдээ би үг хэлж чадахаа больж шүд таг зуурав. Ээж цайны жижиг халбагаар цай, сүү уулгадаг боллоо. Би бүр хэвтэрт орж толгой, баруун гараа даахаа болив. Арга барагдсан ээж минь цоохор хамар Мижид хэмээх ламд хүрч хэдэн торгон дээлээ өргөл барьц болгон өгөхөд тэр лам “Гайгүй юм байна. Би эндээс нэг хоёр ном уншиж өгье" гэжээ. Гэтэл дэргэд нь сууж байсан доголон Манж гэдэг хөгшин ээжийг гэртээ урьжээ. Ээж түүний хэлснээр явж очсонд “Цоохор хамар хүүхдийг чинь гайгүй гэнэ. Чи хойноос дөчин нэгэн чулуу түүгээд ир. Би нэг үзээд өгье” гээд чулуу түүлгэж ирээд чулуугаа тасалжээ. Тэгээд гадаах айлын ламыг дуудан ирүүлээд “Чи энэ хүүг зүгээр гэсэн байх аа. Үхэх гэж байна. Үүнийг хар даа” гээд тасалсан чулуугаа үзүүлжээ. Ээж минь сандран яах тухай асуухад Манж хөгшин тасалсан чулуу руугаа заагаад “Хүүг чинь харын талын хүн аварна. Бат бөө дээр оч” гэжээ. Ээж гэртээ ирээд Бат бөөгийнх рүү хөх Ховон гэдэг хүнийг явуулсан байна. Оройхон болж байтал Бат бөө, Аармаг, Сүх хөгшин гурав ороод ирэв. Бат бөө намайг шууд үзээд, хамт явсан хүмүүстээ уурлан “Үхэж байгаа хүүхэд дээр намайг юунд авчрав? Би хөгшин толгой шоронд ормооргүй байна” гээд гарах гэтэл араас нь ээж минь гуйж, би ч бас муухан дуу гарган дуудлаа. Тэгтэл Бат бөө эргэн харснаа “Амьтны нялх үр намайг дуудаж байхад үзээд алдсу” гээд эргэн суув. Тэгэхэд цаг нэлээд орой болж харанхуй нөмөрч байлаа. Бат бөө их удаан бэлтгэл хийж байгаад бөөлж гарав. Гэнэт нэг сэлэм гаргаж ирээд хучлагыг минь хуу татан хоёр хөлийн хянга ясны орчим нэлээд хүчтэй цавчиж орхилоо. Одоо ч миний хөлөнд сорви бий. Надад огт өвдөж мэдэгдсэнгүй. Бөөлж дуусаад ээжид “Хүүд чинь онгон ирсэн санжээ. Би хөөгөөд явууллаа. Энэ хүү миний хүү болно. Нэрийг нь соль. Маргааш өглөө гэхэд хүү гайгүй болно. Харин хайртай мал, амьтнаас чинь үхэх байх. Маргааш энэ хүү мангас шиг ховдог болно. Сайн хоол өг. Гэхдээ иднэ гэсэн хэмжээгээр идүүлж болохгүй” гээд “Есөн ес наян нэг хоногийн дараа гал үдийн нар голлож байх үед баруун хойд зүгээс гурван тэмээтэй, хоёр морьтой хүмүүс танайд ирнэ. Үүний хоёр дахь буюу хамар цагаан буурал амтай тэмээний ачаан дотор гэдэс нь хөөгөөд үхсэн хүн шиг, элгэн саднаас чинь өгүүлсэн өөдөө харсан сав гарч ирнэ. Зүүн зүг долоон долоо дөчин есөн тохой газарт овоолго овоолж, ирсэн хүмүүсийн ачааг буулгаад тэр савыг хошуу гаталган зайлуул. Тэгж чадвал миний хүү төмөр амьтай, түмэн настай болно” гэхчлэн ярив. Маргааш өглөө нь би сэрсэнд цай уумаар санагдаад ээжид хэлсэнд хөөрхий ээж минь баярлаж байна гэж жигтэйхэн. Бөөгийн цавчсан миний хоёр хөлөөс ус гоожоод гэрийн хаяагаар гарчээ. Тэр шөнө миний хайртай нохой гэрийн хаяанд үхэж хоносон байв. Энэ өдрөөс эхлэн ээж урт саваа модонд хэрчим гарган тоолсоор наян нэг хонож байтал дээрээс хоёр морьтой, гурван тэмээтэй хүмүүс ирсэн нь Булган голоос айлчлан ирж буй ээжийн дүү нар байлаа. Тэд хоёр дахь тэмээндээ ширэн архад (айрагны хөхүүр) авчирчээ. Ирсэн хүмүүс гэрт дөнгөж ороод цай амсаж байхад Сүх хөгшин гараад архадыг авч Шивэрийн хөтөл давуулан халхуудад тугалтай үхрээр арилжжээ. Тэр цагаас хойш миний бие эдгэрч өнөөдрийг хүртэл хамрын ханиад хүрсэнгүй амар сайхан амьдарч байна. Энэ бол Бат бөөгийн ач тус бөгөөд одоо хүртэл Бат бөөг хүндэтгэн дурсаж явдаг даа.

Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд. “Алтайн урианхайн уламжлалт шүтлэг” номоос