images

Маршалын шарилын магадлан


     Ардын эмч Бямбажавын Рагчаа хэмээх нэг сайхан хөгшин байлаа. Аав маань тэднийд очих үед нь би байнга дагаж очиход Рагчаа гуай олон сайхан хууч ярьж өгнө. Монголчуудын ахуй амьдрал, гарал үүсэл, удам судрыг угсаатны зүйн талаас нь нэвт шувт мэддэг, Монголын анагаах ухаанд үлдээсэн тод мөртэй эмч байлаа. Халхын голын дайны үед байлдагч байхдаа Зөвлөлтийн улаан армийн комиссарт ихэд тоогдож, зургаадугаар морьт дивизэд штабын сургагч Амосов, Маслов нарын монгол хэлний орчуулагч болсон ба тун удалгүй маршал Х.Чойбалсан фронтын орчуулагчаар дэргэдээ авчээ. Дайны хөлөөс дайжин нүүж амжилгүй хоцорсон Дорнодын айлуудаар маршалтай хамт хэрэн хэсэж, тэднийг даруй нутгийн гүн рүү нүүхийг ухуулж явсан талаар сонирхолтой сайхан хууч хөөрнө. Ер нь маршалтай ойр дотно байжээ гэсэн ойлголтыг Рагчаа ах надад төрүүлсэн билээ. Тэрбээр маршалын шарилыг хэрхэн магадлан шинжилсэн талаар ийн ярьсан юм. Өгүүлэх нь: Москвагаас маршалын шарилыг тээсэн галт тэрэг шөнө хагасалж Улаанбаатарт ирэх болов. Улс төрийн товчооноос шарил хүлээн авч задлан шинжлэх нууц комисс томилж, тус комиссын бүрэлдэхүүнд намайг багтаасан юм. Бид хэд уулзаж шарилыг хүлээн аваад хэрхэн задлан шинжилгээ хийх талаар хоорондоо зөвлөлдлөө. Бидний дунд Богд хааны оточ маарамба явсан нэг өвгөн байсан бөгөөд тэрбээр “За та нар эхлээд мэс хүргэж шарилыг хагалах гэж яараад яахав. Гутлыг нь тайлаад үзье. Хоёр хөлийнх нь ул хурууныхаа салаанаас хойш зузаан өсгийдөө тултал хагалсан газар шиг хэдэнтээ арзайж хагарсан байвал задлан хийгээд дэмий. Тэр хэвээр нь шарилыг үлдээх хэрэгтэй. Учир нь түүний бие гүн хордлогод орсны тэмдэг болно. Хор хөлийн улаар илэрч мэдэгддэг. Ямар нэгэн хорыг уулгасан, тарьсныг өөрөөр таньж мэдэх аргагүй” хэмээн хэллээ. Тэр ярианд төдийлөн итгээгүй ч хоорондоо ярилцаад маарамбын зөвлөгөөг ахмад хүний хувьд дагахаар болов. Тэгээд хоёр гутлыг нь тайлаад үзтэл хөлийн ул нь үнэхээр эвэршиж хатаад олонтоо хагарсан байлаа. Оточийн хэлснээр цаашид задлан шинжилгээ хийхээ тэр даруйдаа больж, бөөрний гүн хордлогод орсон нь үнэн байна гэсэн магадлан гаргаад асуудлыг шийдсэн юм.

Ш.Баатар. “Миний өссөн монгол ахуй” номоос