images

Дүүрэн бөөгийн ид шид


Ховд аймгийн Мөнххайрхан сумын өндөр настан Гөлгөний Банзар гуайн хуучилсан нь

     1952 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг, Хужиртын эхэнд манай хот айл Дүүрэн нэртэй бөөг урин бөөлүүллээ. Энэ бөө Дуут сумын нутаг Цэнхэрийн голоор нутаглаж байсан юм. Тэр зун миний дүү маш хүндээр өвдөж хэвтэрт ороод эмч нарт үзүүлэн аргаа бараад эцэст нь бөө залж ирсэн нь тэр юм. Дүүрэн бөө эхлээд сан тавиад, өмсгөлөө өмсөөд аман хуур татан дуугаргаж байснаа бөөлж эхэлсэн. Харж байтал хазгар доголон хөлтэй Дүүрэн бөө цоо эрүүл болсон мэт болоод цамнаж гарлаа. Ингээд бөөлж байтал, онгод ирлээ гэцгээлээ. Тэгтэл нөгөө бөө маань “Цаг хэцүү байхад намайг яах гэж дуудав?” гэхчлэн хэн нэгэнтэй ярилцаад байв. Би хүүхэд байсан учир ихэд гайхаж байлаа. Манайхан дүүг минь яаж эдгээх тухай асуув. Тэгтэл бөө гэнэт гэрээс гүйн гараад хотонд ороод нэг халзан цагаан хонь хөөж гарган нэлээд зугтаалгаж байснаа очироороо ганцхан дохиод яг зогсоож орхилоо. Тэгээд дахин хотны зүг ирж, малын захад хэвтэж байсан өвчтэй цоохор ямааг очоод цохиод авсан. Тэр ямаа бол хөл нь хугархай, нүүж суухад бид ачиж явдаг байсан юм. Ногоонд жаахан таргалуулаад алж иднэ гэж аав хэлдэг байлаа. Тэгсгээд бөөлж дууссан санагдана. Маргааш нь би аргал түүгээд иртэл нагац ах маань намайг сэмхэн дуудаж байна. Би гайхасхийн яваад очлоо. Гэтэл гэрээс холгүйхэн хотны захад, идээшилж яваа хургануудын наад талд нэг чоно ирчихсэн нөгөө цоохор ямааг идэж байлаа. Нагац надад “Цаана чинь чоно ирээд цоохор ямааг идэж байна.. Дүүрэн бөө овоо юм гээч. Гэвч чоно ямааг идээд дараа нь хурганууд руу дайрч магадгүй. Чи очоод буу аваад ир” гэв. Тэр чоныг манай хотны олон ноход огт мэдээгүй, хурга хариулж явсан хүүхэд ч хараагүй байв. Би гэрт гүйж очоод буу аваад иртэл чоно ямааг бараг идээд дуусч байлаа. Нагац бид хоёр харж зогстол нөгөө чоно ямааг идэж дуусаад гэрийн хажуугаар ажиг ч үгүй шогшин явж одоход ноход ч, тоглож байсан хүүхдүүд ч, хурганууд ч огт мэдсэнгүй. Тэр өдрөөс хойш дүү минь аажмаар бие нь сайжирсаар эв эрүүл болж, улмаар 60 насыг насалсан юм.

Мөнгөнхүүгийн Ганболд. “Алтайн урианхайн уламжлалт шүтлэг” номоос