images

Цэргийн алба гурван жил болсон нь


Н.Янжмаа гуайн тухай хууч яриа

   Дэлхийн хоёрдугаар дайны үед таван жилийн хугацаатай байсан монгол цэргийн алба дайн дуусч энх цаг эхэлсэн ч тэр хэвээрээ байжээ. Д.Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаа гуай нэг удаа Улс төрийн товчооны хурал дээр илтгэл тавихдаа “Одоо монгол цэргийн алба таван жилийн хугацаатай байна. Дэндүү урт байна. Хөдөө нутагт монгол эрийн эмээл нь хагсарч, эм нь сувайрч байна. Ийм байдлаар удаж болохгүй. Эр цэргийн албыг энхийн энэ сайхан цагт гурван жил болгоё” гэж хэнийг ч цочирдохоор хатуухан үгтэй санал хэлээд индрээс буужээ. Маршал Х.Чойбалсан, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар угаасаа Н.Янжмаа гуайн үгийг хүлээцтэй сонсдог, аливаа ажлыг түүнтэй байнга зөвлөдөг байсан тул уг асуудлыг газар дээр нь авч хэлэлцээд цэргийн албыг гурван жил болгож багасгасан байна. Энэ тухай насаараа нам төрийн ажил хийж явсан Д.Цоодол дурсан ярьсан билээ.

Ширчингийн Баатар. “Миний өссөн монгол ахуй” номоос