images

Манба дацан


    Бурханы шашны сүм хийдүүдийн салбар анагаах ухааны боловсрол олгож, эмч лам нарыг бэлтгэх сургуулийг ингэж нэрлэдэг. Одоогийнхоор бол анагаах ухааны тэнхим бөгөөд энэ нь "эмчийн аймаг" гэсэн утгатай төвд үг юм. Монгол оронд хамгийн анхны эмчийн сургууль буюу манба дацанг 17 дугаар зууны сүүлчээр Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжалцан байгуулсан гэдэг. Бараг ихэнх томоохон хүрээ хийдүүд өөрийн манба дацантай байснаар Их Хүрээний манба дацан Соригшампанлин, Заяын хүрээний манба, Далай Чойнхор вангийн Тариатын хүрээ, Ламын гэгээний хүрээний манба, Ханд Чин вангийн хүрээний манба сургалт хийгээд эрдэм чадалтай эмч мэргэдээрээ алдартай байжээ. Үүнийг манайд "Оточ Манрамба" дээд сургууль сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Тухайлбал, уламжлалт анагаахын эмчийн бакалаврын зургаан жил, уламжлалт анагаахын сувилахуйн бакалаврын дөрвөн жил, магистрын хоёр жил, төгсөлтийн дараах эмч сувилагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг тус тус явуулдаг. Тус сургуульд ОХУ, БНХАУ-аас оюутнууд олноор ирж суралцдаг бөгөөд АНУ, Итали, Англи зэрэг гадаад орнуудаас эмч нар хүрэлцэн ирж богино хугацааны мэргэжил дээшлүүлэх курст суралцдаг байна.