images

Баатрынхаа мөрөөр


     “Аянгат цагийн тууж” зохиолын минь гол баатар Баянак гэж хэн байв? 1945 онд Тамсагбулагт цэргийн алба хааж байгаад ялигүй эндэгдлээс болж хүнд ялд унахын даваан дээр оргон явсаар төрсөн нутагтаа ирээд уул хадаар хоргодсоор хоёр өвлийг даваад гурав дахь жилийн намар оройхон буудуулсан нэгэн. Баянак 1918 юм уу, 1919 онд төрсөн, морь жилтэй байжээ. Эхээс эрт өнчирсөн ганц хүүгээ эцэг Жанибек нь хүлхэх нь холгүй хайрлан өсгөсөн гэдэг. Тэрбээр  эцгийгээ дуурайсан өндөр нуруутай, өргөн цээжтэй, бүргэд хамартай,хүрэн царайтай, үс нь хонгордуу туяатай, нөхөрсөг цагаан, маш хэлэмгий, тува, хасаг, монгол хэлийг, тэрчлэн монгол бичгийг гаргууд сайн эзэмшсэн нэгэн байжээ. Туужид Дака нэрээр гардаг Дагвынд олон хоноцтой байхад нь дээрээс нь ирж хоножээ. Хоймроор дөрвөн залуугийн голд хэвтэж байхдаа гараа алдлан тэдний цээжин дээр дараад “Алив та нар босоод ир дээ” гэхэд цаадуул нь яаж ч зүтгээд өндийж чадсангүй гэнэ. Тэгэхэд Баянак ихэд сэтгэл хангалуун инээж “Арван эр ирэхэд бид лав дийлдэхгүй” гэхэд “Иш чи чинь, орох оронгүй, амь наана, там цаана явж байж юун их том ам гардаг юм бэ” гэж гэрийн эзэгтэй аашилж байсан гэдэг. Нэг удаа эрлийнхэн Тэмээн хүзүүний хавцалд түүнийг бүсэлж авчээ. Гэтэл тэр өндөр дээрээс чулуу нураагаад эхэлсэн байна. Тэвдэж сандарсан эрлийнхэн тарж зугатан амь гарч. Сэхээ аваад хартал өнөөх чинь өндрөөс харван бууж Ховд голын мөсөн дээгүүр гүйсээр нөгөө талын эгц нуранги асга өөд дөрвөн хөллөн самардаж мөлхсөөр байж гэнэ. Төлөөлөгч Имамбай цаад хад руу чиглүүлэн хэдэнтээ буудтал Баянак эргэн харж зогсоод “Би хэнд ч муу юм хийгээгүй. Амьд явах гэсэн нэг муу өнчин хүүг заавал алж дуусгах гээд байгаа юм бол ал л даа” гэж тува, хасаг хэлээр хашгирчээ. Тэгснээ бяцхан дөрөлж дээр гарч суугаад гутлаа тайлж хөлөө шинээр ороож аваад гутлаа өмсөн хад асга өөд авирсаар арилаад өгсөн гэдэг. Хожим би Тэмээн хүзүүний хавцлын урагшаа харсан эгц ханан хадыг нэгжсээр яваад сайн газарчны ачаар Баянакын агуйг олж илрүүлсэн юм. Агуйн үнстэй шороон дотроос нэг хуруу зузаан, гурван хуруу өргөн, таван хуруу урт модон дээр урласан нэг сонин сийлбэр оллоо. Тал бүрт нь өөр өөр зүйл сийлжээ. Гарын ур дүйтэй хүн байж. Хамгийн сонирхолтой нь эх орноосоо урвасан гэгдэх Баянакыг дур мэдэн цагаатгасан миний хувьд баярлууштай нь гэвэл, хээ угалзнаас гадна МОНГОЛ АРД УЛС хэмээн шинэ бичгээр чадварлаг сийлжээ. Галт бууны хараан доор хөөгдөж, зэрлэгшиж явсан амьтан өөрийг бус, чухам тэр гурван үгийг эрхэмлэн урлаж суусны тухайд аливаа тайлбар илүүц болох биз ээ.

     1947 оны намар оройхон олондоо “багш” алдартай Халтар гэдэг айлд хонож байтал эрлийнхэн мэдчихээд бүслэн авчээ. Баянак дээлээ нөмрөн буугаа барьсан чигээрээ гэрээс гүйн гартал зүг бүрээр буу нижигнээд явчихаж. Хүүрийг нь хэдхэн алхам цааш чирээд гутал хувцастай нь чулуугаар даруулсан юм билээ. 1990 оны тавдугаар сарын 16-ны өдөр би Баянакын осолдсон бууцан дээр очлоо. Баруун дор Ховд гол харгиатан шуугиж, хойд, зүүн талаас хүрээ хад арсайн хүрээлээд, урдаас эгц хүүш тулсныг харахад амьд явахын хүслэн болсон хүний хүүгийн зам энд арга ч үгүй мухарджээ гэмээр санагдаж билээ.

Чинагийн Галсан “Тэнгэрийн зүүд” номоос