images

“Тэмцэл” киног хийх болсон учир


Кино найруулагч, жүжигчин Ц.Цэрэндорж агсны дурсамж яриа

     “Өглөө” кино анхны зохиолоороо Намын III их хурлаар төгсөж байсан юм. Үүнд Д.Жигжид гуай бид тийм ч дуртай байсангүй. Тэгтэл Н.Ванган багш төгсгөлийг нь шинээр хийх боллоо. Нэг өдөр багш зохиолоо ирж ав гээд, би очиж авав. Ванган багш “Би Ардын засгийн үед анхны ерөнхий сайд Б.Цэрэндоржийн оршуулгыг үзсэн хүн. Гол дүрийн Тогмид ч энэ засгийн төлөө зүтгэж яваа хүн. Би Тогмидыгоо үхүүлэхээр шийдлээ” гэсэн. Тэгээд их бууны өмнө байрлуулаад оршуулдаг хэсгээр сценари хийжээ. Уншиж үзтэл маш гоё бичсэн байна. Тэгээд л ийм төгсгөлтэй болсон юм. Хэрэв Тогмид байхгүй бол “Өглөө” кино байхгүй. Тогмид гэж нэг халуун цочмог хүн гаргаж ирээд түүгээр Сүхбаатарын дүр товойж гарч ирсэн. Тэгээгүй бол цүнх үүрчихсэн нэг гоё хүн давхиад л, хүн загнаад байх байсан. Бодоо, Данзан, Янжмаа бүгд түүний дүрийг маш сайхан тодруулж өгсөн. Киногоо дуусгаад Соёлын сайдын зөвлөл дээр очиж Ю.Цэдэнбал даргад анх үзүүлэв. Лодойдамба, Ванган, Чимэд, Жигжид найруулагч, Сосорбарам сайд бид нар очлоо. Дарга их сайхан хүлээж авч байна. Кино дуусаад “Төгсөв” гээд гарсан чинь Цэдэнбал дарга “Хүүе ингээд дуусчихаж байгаа юм уу? Ийм сайхан кино ингээд дуусч болохгүй, цааш үргэлжлүүл. Ванган, Чимэд та хоёр үргэлжлүүлээд бич. Сосорбарам чи хийлгэ” гэдэг үүрэг өгсөн. Тэгээд л “Тэмцэл” гэж нэртэй хоёрдугаар анги гарч ирсэн. Ванган багш минь өнгөрч, Чимид гуай ганцаараа зохиолоо бичсэн юм. Тэр их тарчилж зовж байж бичсэн. Бид хоёр жил гаран хөөцөлдөж байж зохиолоо олж авсан юм".

Ж.Батцэцэг “Солонгын найман өнгө” номоос