images

Хүний заяа


Монголчуудын нэгэн үеийнхний хит болж байсан Н.Жанцанноровын хөгжим, С.Жамбалдоржийн шүлэг “Хүний заяа” дууны түүхийг уран бүтээлчид нь хуваалцаж байна.

Н.Жанцанноров:

     “С.Жамбалдорж бол яруу найрагч биш. Сэтгүүлч, эрдэмтэн хүн байсан. Хүний хувь зохиолын талаар яруу найрагчдын хэлээгүй санааг бичсэн нь анхаарал татсан. Тэр үед Ардын жүжигчин А.Энхтайван Свердловскийн хөгжмийн их сургуулийг дөнгөж төгсөж ирээд Дуурийн театрт дуулахыг нь сонсвол маш сайхан цээл тенор хоолой байна. Их том дуучин болох нь, хоолойг нь яаж гаргах вэ гэж бодож байгаад “Хүний заяа” дууг хийсэн. Энэ дууг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгээгүй юм. Мэргэжлийн хөгжмийн үүднээс бодож хийсэн. Би тоглолтуудаа “Хүний заяа” дуугаар өндөрлөдөг байлаа. Дууны уран бүтээлийн хоёр боть гаргахдаа “Хүний заяа--1,2” гэж нэрлэсэн.

А.Энхтайван:

     “1988 оны 9 дүгээр сарын 1-нд ажил цуглаад байж байтал хөгжмийн зохиолч Н.Жанцанноров орж ирээд “Энхтайваан, би чамд нэг юм сонсгоё. Чамайг бодож бичлээ” гэсэн. Тэгээд шууд хөгжимдөж сонсгосон. Маш гоё дуу байсан. Би “Авъя аа, дуулъя аа” л гэсэн. Томчууд тоож дуу өгнө гэдэг маш чухал юм. Тэр үед дуучид ямар хөгжмийн зохиолчоос дуу гуйж дуулах вэ гэж ярьдаг байсан үе. Н.Жанцанноров гуай “За, чи дуугаа сурчихаад байж бай. Хоёулаа удахгүй нэг тоглолтонд дуулна аа” гэж байна. Удалгүй театрын гала тоглолт болж “Учиртай гурав”-аар нээдэг уламжлалаараа нээгээд дараа нь би гарч “Хүний заяа”-гаа дуулсан. Анх удаа сонсож байгаа хэрнээ үзэгчид гурав дахиулсан, бараг бүгд боссон. Тэгээд 1988 оны 10 дугаар сард “Алтан намар” хөгжмийн наадамд дэд байр эзэлж байлаа.

                      Эх сурвалж: Монголын Үндэсний олон нийтийн радиогийн “Дуун увдис” нэвтрүүлэг.