images

“Нэг метр хорин сантиметрийн урттай” хүү төрсөн нь


     "Би 1980 оны хоёрдугаар сард амаржсан юм. Төрөх хариугүй дөхөж байтал нэг шөнө өвдөөд байх шиг байхаар нь өглөө эрт аргаа ядаад аав, ээж хоёр луу ороод хэллээ. Ээж үсэрч босоод тэр дор нь түргэн дуудаад хоёрдугаар төрөхөд аваачаад хэвтүүлэв. Хоёр хоног өвдлөө, хүүхэд маань гардаггүй. Тэгж тэгж нэг юм хүүхдээ гаргалаа. Тэгсэн чинь хүйндээ орооцолдчихож гээд сандраад явчихав. Хүзүү биеийг нь бүр дөрөв ороочихсон байсан гэдэг. Эмч, сувилагч нар яагаад ч юм хүйнийх нь уртыг хэмжиж үзжээ. Нэг метр хорин сантиметр байсан юмсанж. Үүл маань хүүтэй болсноо дуулаад баярласандаа сургууль руугаа гараад жирийчихжээ. Эмч түүнд “3,2 кг жинтэй, 51 см урттай хүү гарлаа” гэсэн баярт мэдээ дуулгасан нь мэдээж. Бас араас нь “Хүй 120 см урттай юм байна лээ” гээд хэлчихэж. Баярласан хүний баруун, зүүн тархи нь байраа сольчихдог юм билүү, яаж мэдэхэв. Ангидаа оронгуут хашгирч гэнэ. “Хөөе андууд аа, Бат-Үүл нь хүүтэй боллоо” гэсэн байгаа юм. “Ямар урттай хүүхэд гарав?” гэж нэг нь асуухад ихэд бардмаар “120 см” гээд тавьчихаж. Нэг хэсэг нь алмайраад, харин ангийнх нь дарга Н.Алтанхуяг “Чи чинь юу донгосоод байна? Юу гэж тэр жижигхэн эхнэрийн гэдсэнд 120 см урттай хүүхэд багтаж байдаг юм!” гээд зандарч. Манай хүн гэнэт ухаараад, үгүй нээрээ юу билээ гээд их ичсэн гэдэг. Тэгж шоолж, зандарч байсан ангийн дарга Н.Алтанхуяг хамт олноо дагуулсаар хавар болсон хойно ангийнхаа анхны хүүг улаан өнгийн жижиг гурван дугуйттай, баахан шаар үлээгээд дээр нь зүүчихсэн, нэг их чихэр боов тэвэрчихсэн эргэж ирж байлаа. Тэгээд “Алив нөгөө 120 см урттай аварга эр чинь хаа байна?” хэмээн бөөн инээдэм болж билээ".

Б.Дэлгэртуяа “Үүл бид хоёр” номоос