images

Сэлэм Тогмид болсон минь


Кино найруулагч, жүжигчин Ц.Цэрэндорж агсны дурсамж яриа

     "Би “Өглөө” кинонд Д.Жигжид гуайн хоёрдугаар найруулагчаар ажиллаж байлаа. Бүх дүрийн пробыг гардаж хийнэ. Тогмидийн дүрд жар, далан сайхан залуу пробонд орсон боловч тэнцэх хүн олддоггүй. Нэг хүн шалгаад үзүүлэхээр Ч.Лодойдамба, Н.Ванган багш хоёр хүлээж авдаггүй, биш ээ, биш гээд байдаг. Зураг эхэллээ. Эхний зураг долдугаар сарын 13-нд Дамбадаржаад Сүх жанжинн, Янжмаа хоёр захаар хамт явдаг хэсэг байсан юм. Хоёр гурав хоног зогсоо зайгүй нүдэж байгаад авчихлаа. Яг Тогмид дээр ирээд зогсчихов. Тэр өдөр Лодой сайдын машинаар зохиолч Ч.Чимэд, Н.Ванган багш нар ирлээ. Намайг майхнаас гаргаад Д.Жигжид багштай яриад үлдэв. Удалгүй намайг дуудаад “За хө Цэрэндорж оо, Тогмидод чамайг тоглуулахаар шийдлээ” гэсэн. Би ч хоёрдугаар найруулагч учир хариуцлага их гэж зөрүүдлэхэд Н.Ванган багш “Цэрэндорж оо, чи хачин хүн юм аа. Уг нь чамд нэг буян үйлдэе гэж бодсон юм” гэж хэлсэн. Тэр үед Н.Ванган багш “Тогмид бол ерөөсөө чи байгаа юм шүү дээ. Би чамайг 1950 оноос хойш харсан” гэж билээ. 1963 онд ЗХУ-ын ВГИК төгсөөд ирсэн үе байсан юм. Тэгэхээр 13 жил харсан байгаа юм. Сургууль төгсдөгийн урд жил Н.Ванган багш Франц явчихаад буцах замдаа надтай уулзсан. Бид хоёр зочид буудалд ярьж хонож билээ. Тэгэхэд “Хэн хэлсэн юм бэ?” нэртэй Сүхбаатарын тухай кино хийж байгаа" гээд намайг хэзээ төгсөхийг асууж байсан юм. Ийм л учиртай байсан юм билээ. Тэгээд яахав, дор нь шийдээд намайг машинд суулган кино үйлдвэр дээр ирээд дор нь өмд цамц оёж өгөөд маргааш нь зурганд оруулчихсан. Ингэж намайг урлагийн алтан тайзанд мөнхрүүлсэн. Үүнийг би хэзээ ч мартахгүй. Буянтай багш нарынхаа ачаар түүхэнд мөнхөрсөн хүн, би. Магадгүй, зуун жилийн дараа ч намайг үзнэ".

Ж.Батцэцэг. “Солонгын найман өнгө” номоос.