images

Буудалцаж цус гаргаагүй ч гэсэн дайны зовлонг биеэр туулав


Сүхбаатар аймгийн Онгон сумын өндөр настан Шагдарын Дорждэрэм гуайн хууч яриа

     1945 оны Чөлөөлөх дайнаар бид Өвөр Монголын нутагт ороход Ж.Лхагвасүрэн жанжин биднээс салаагүй, байнга уулзаж байлаа. Жэхэ хотын гудамж бүрд зэвсэгтэй суман цэрэг хамгаалалтанд гарсан. Маршал Х.Чойбалсан онгоцоор ирээд цэргүүдэд баяр хүргэж байлаа. Тэр үед “Монгол цэрэг Өвөр Монголыг нэгтгэж авна. Хоёр Монгол нэгдэнэ” гэсэн яриа гарч байв. Мөн Хятад нэг сая хүн дагуулж өгнө гэхэд маршал зөвшөөрөөгүй гэсэн яриа ч гарч байлаа. Тэнд хятад цэргүүд гээд байх юм бараг байсангүй. Жэхэ хотоос хамгийн сүүлд манай хороо гарсан. Бид жагсаад гарч явахад цагаан царайтай дөрвөн цэрэг, костюмтай хэдэн албаны хүмүүс биднийг гаргаж өгсөн нь хятад хүмүүс байсан юм билээ. Биднийг Жэхэгээс буцах замд замын хоёр талаар хятад хүмүүс эгнээд зогсчихсон “Хар гахайн мах авах уу?” гээд орилолдоно. Би цэргүүддээ “Та нар энэ нутгаас нусны алчуур төдийхнийг ч авч болохгүй” гэж хэлж байлаа. Гэтэл Архангайн Ванчиг гэдэг цэрэг урт цагаан гаанстай болоод ирсэн байдаг юм. Олон шөнө нойргүй явна гэдэг амаргүй. Морин дээрээ үүрэглээд жагсаалаас гарна. Сүүлдээ дарга нар бургасаар ороолгоод сэрээдэг болсон. Намар сэрүү орсон хойно нутагтаа орж ирээд Алтан овоогоо харсан чинь мөн ч сайхан санагдаж байж билээ. Ингээд биднийг Дагшингийн зүлгэн дээр долоо хоног амраасан. Яг буудалцаж цус гаргаагүй ч гэсэн дайны зовлонг биеэр туулсан даа.