images

Сонин устгах тусгай ажиллагаа


 

   1987 оны намар, Богд уулын модод шарлачихсан байсан үе. Манай “Хөдөлмөр” сонины хамгийн арын дөрөвдүгээр нүүрийн “Хөрөнгөт ертөнцөд” нэртэй тогтмол булан байлаа. Тэнд империалист Япон, Америк, Англи, Франц зэрэг орнуудад ард түмэн нь хэрхэн үгүйрэн ядуурч, ажилгүйдэн зовж байгаа тухай мэдээ нийтэлнэ. Тэгтэл сонины хэвлэх үйлдвэр дээр сонин хийх явцад тэр буланд “агуу их социализмын ууган орон, манай өмөг түшиг болсон ах дүү” ЗХУ-ын тухай мэдээг андуураад хэвлэчихжээ. Энэ мэдээг бид анзааралгүй хоёр хоночихож. Тэгтэл нэг өдөр гэнэт түргэн авахуулав. МҮЭ-ийн Төв зөвлөлийн нарийн бичгийн дарга К.Зардыханаар ахлуулсан шуурхай штаб байгуулагдлаа. Өндөр сонор сэрэмжтэй нэг уншигч тэр алдааг олж илрүүлээд МАХН-ын Төв хороонд мэдэгдсэнд тэндээс уг дугаарыг хурааж устгах үүрэг өгчээ. “Хөдөлмөр” сониныг орон даяар 100 гаруй мянган хүн захиалдаг гэж бодохоор тун нүсэр ажиллагаа болох нь тодорхой боллоо. Аз болоход хөдөө онгоцоор явуулсан сонин аймаг, сумдын шуудангийн салбарууд дээр саатаад байсныг хураан авч шатаасан гэнэ. Сонины ажилтнууд дээр МҮЭ-ийн Төв зөвлөлийн ажилтнуудаас хүн нэмж сонин бүрийг захиалагчдаас хураан авч тоо ёсоор нь штабт тушаах үүрэг өгөв. Би хоёр хүнтэй хамт Октябрийн районы дөрвөн хорооны захиалагчдаас сонин хураах үүрэг аваад хэд хоног өдөржин, оройжин хөлөө эцтэл таваргав. Шуудангийн салбараас авсан захиалагчдынхаа хаягийг бариад айл, байгууллага бүрээр орж нөгөө гайтай дугаараа цуглууллаа. Айлын хаалга тогшоод “Би "Хөдөлмөр" сониноос явж байна. Алдаа гарсан тул сониноо буцааж авах хэрэгтэй байна. Дахиад хэвлүүлээд өгнө” гэж хэлэх удирдамжтай. Айлуудын ихэнх нь сониноо хэрчиж ураад нойлын цаас болгоод тавьчихсан, зарим айлаас “Одоо байхгүй болсон” гэсэн гарын үсэг аваад, байгаа айлаас нь хураагаад яваад байлаа, барагддаггүй. Тэгтэл штабаас намайг "Удаан явж байна. Олон айлаар орж хурдан хураасангүй" гэж банга хүртээв. Тэгтэл ашгүй сонины эрхлэгч Н.Мягмар намайг хамгааллаа. Намар цаг тул байгууллагуудын ажилчид амраад явчихсан, сонинууд бөөн бөөнөөрөө хураалттай хэвтэж байсныг цуглуулж авав. Хэд хоногийн дараа олон хүний хүчээр явуулсан энэ ажиллагаа дуусч хураасан сонинуудаа бүгдийг нь протокол хөтөлж байгаад шатаажээ. Дараа нь манай сонин тэр дугаараа тоо ёсоор нь дахин хэвлүүлээд шуудангаар тараасан билээ.

Сүхбаатарын Амарсанаа. “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номоос