images

Тэмээчнээс дэвшиж ачигч болсон нь


Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн дурсамж

     Нутаг заагдан Баянхонгор аймагт очиж тэмээ маллан хэдэн оныг үдээд 1969 онд С.Удвал гуайн ачаар Улаанбаатарын иргэн болов. Германы байгуулж өгсөн том комбинатад таван жил ажиллах гэрээ хийгээд иргэний паспорт, ажилчины үнэмлэхтэй боллоо. Эхлээд жирэмсний амралтаа авсан бүсгүйн оронд бичээч болсон. “Шөнө орой ажиллуулахад татлаа түлхээгүй, жирэмсэн болохгүй, бичгийн машин балбахдаа сайн” гэж магтаад бичээч болголоо, намайг. Гэтэл гуравхан хоногийн дараа “Муу хар эсэргүү, ах дүү социалист орнуудын эдийн засгийн нууц мэдээлийн газарт шургажээ” гээд хөөсөн юм. Тэгээд л ясчин болсон доо. Болгар ажилчин нэг бүр өдөрт гучаас доошгүй үхэр шулж махыг нь Балканы хойг руу явуулдаг байж. Шулсан яс нь багтахаа байж өмхийрчээ. Түүнийг хээр аваачиж булдаг хүн нь би болсон юм. Энэхүү ясчны албанаасаа АПУ-д ачигч болов. АПУ л намайг ус цус, хар улаан, өмхий самхайгаас холтгож билээ. Гэхдээ л толгой зүрх хоёр минь биш, хугарсан хугараагүй хоёр гар минь намайг тэжээх ч гэж дээ гэж гуних өдөр олон л байсан. Арваад жил 70 төгрөгний цалинтай байсан хүн тэнд очоод цалин дөрөв дахин нэмэгдэж 280 төгрөг авдаг болсон. 100 шил архи ачихад гурван шил нь хагарч болох хорогдлын нормтой. Хамт ажилладаг байсан “Заазуур” хочит нэгэн сайн эрийн гар гялсхийхэд шилтэй цэнхэрийг мөрөөр нь хувааж, бөглөөтэй тал нь хундага, ёроол тал нь сөн болдогсон. Би тэр эрдмийг суралгүй яахав. Угтаа сээр шаахтай адил ажил. Яруу найрагч Мишигийн Цэдэндорж гуай ирж надаар шараа тайлуулахдаа миний тэр эрдмийг их гайхаж байж билээ.

Г.Жамъян. “Содон хүмүүс” номоос