images

"Далай ханы дуулал"


     Дөрвөд далай хан Г.Түмэндэлгэржавт зориулан зээнцэр Ц.Батболд нь “Далай ханы дуулал” дууг 2020 онд бүтээлгэжээ. Энэ дууны эзэн Г.Түмэндэлгэржав нь Ховдыг чөлөөлөх дайнд эцгийн хамт 400 гаруй цэрэгтэй очиж хүч нэмэн тулалдсан гавьяатай. Мөн Дөрвөд, Барга, Өвөр Монголын ноёдыг Монгол улсад дагаар ороход ятгаж, ноёдуудын дундах ойлголцлыг бий болгож байжээ. Гэвч түүнийг 64 настайд нь 1938 онд баривчилж цаазаар авсан байна. Мөн баривчлах үед хөрөнгийг нь хураахад 20 бод, их, бага хоёр гэр, эвдэрхий оёдлын машин байсан гэдэг. Учир нь 1926 онд ноёдын хөрөнгийг хураахад тэр 600 орчим бод тушаасан байна. Иймд Монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн Дөрвөд ханы мэндэлсний 140 жилийн ойгоор үр хойч нь дуу бүтээлгэсэн байна. Уг дууны үг, аяыг МУСТА У.Пүрэвсүрэн бичиж, МУГЖ дуучин Б.Батбаатар дуулжээ. Дууны дахилт хэсэгт,

“Бүрэн эрхэт эх орноо амь хайргүй хамгаалсан

Бат ерөөлт үнэн сүсэгт төгс хүлэг далай ханы

Төгсөхдөө хүртэл Монголын төлөө зориглосон

Тэр зүрхний цохилго тасрах учиргүй” хэмээн Г.Түмэндэлгэржав ханы эцэг Галзаннамжилаас замгамжлан авсан Бат ерөөлт үнэн сүсэгт төгс хүлэг Дөрвөд далай хан цолыг дурдсан байдаг. 1992 онд Г.Түмэндэлгэржавыг цагаатгасан юм.