images

“Хос залуус”


     Ц.Энхтүвшингийн хөгжим, Ж.Баатархүүгийн үг “Хос залуус” дууг 1989 онд “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж дуулж анх олны хүртээл болгожээ. 1980-аад оны дундуур Тээвэрчдийн соёлын ордон гэж байхад хөгжмийн зохиолч З.Зундарь “Одод” нэртэй хамтлаг байгуулсан нь 1980-аад оны сүүлээр “Харш” болсон түүхтэй. Энэ дуу бүтсэн талаар “Харш” хамтлагийн хөгжимчин Ж.Баатархүү ярихдаа “Ц.Энхтүвшин бид хоёр 1984 оны цэрэг. Тэр үед хамт алба хааж байсан Чинбаа гэж залууд эхнэрээс нь ирсэн захианы нэг буланд:

“Дурласан сэтгэл минь дундрахгүй

Дуулим хорвоод чамтайгаа амьдарна аа...” гээд эхний бадаг дахилттайгаа байж байсан. Түүнийг нь Ц.Энхтүвшин уншаад, хоёр шөнө суугаад л хөгжим хийчихсэн. Харин би эхний бадаг нь “Дурласан сэтгэл...” гээд эхэлсэн байсан учраас “Хайрласан сэтгэл минь...” гээд үргэлжлүүлж хоёрдугаар бадгийг зохиосон юм. 1987 онд цэргээс халагдаад энэ дууг С.Баасандоржид зааж өгч бүрэн найруулга хийгээд тайзан дээр анх дуулсан. Тэр дороо л хүмүүст хүрч, дуучных нь хоолойг давж үзэгчид дуулдаг болчихсон” гэжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний олон нийтийн радиогийн “Дуун увдис” нэвтрүүлэг