images

“Энэрэлтэй эгч минь”


    Дууны яруу найрагч Д.Үүрцайх 2006 онд төрсөн эгчийнхээ 50 насны төрсөн өдрөөр нэгэн шүлэг бичиж өгчээ. Тэгэхдээ шүлгээ нэг жигнэмэгтэй хамт бэлэглэсэн аж. Тухайн үед олон хүний өмнө эгчдээ барьсан бэлэг нь түүнд чамлалттай санагдаж, санаа зовоод л өнгөрчээ. Гэсэн хэдий ч өөрийнхөө хувьд хамгийн том бэлгээ барьсан нь тэр гэнэ. Түүнээс 10 жилийн дараа шүлгээ дуу болгохоор шийдэж, хөгжмийн зохиолч Д.Ганбаатарт өгч аялгуу хийлгэжээ. Тэгээд дуугаа "Оны шилдэг дуу шалгаруулах" наадамд оруулахаар болж, оюутан дүү Д.Мөнхтэнгэртээ өгч дуулуулжээ. Д.Үүрцайх хожим энэ тухайгаа дурсахдаа "Өмнө нь нэг дууг минь амжилттай дуулсан болохоор би дуугаа Д.Мөнхтэнгэртээ дуртай өгч дуулуулсан. Наадам эхлэхэд хоёрхон хоног дутуу. Дуучныхаа аавтай нь бид гурвуулаа хамт хоолойн бичлэгт орж,  шөнө дунд дуусч билээ. Ингээд дуучин маань ч наадамдаа амжилттай орсон” гэжээ. Мөн тэрбээр “Би хоёр ах, нэг эгчтэй. Хоёр ах минь цэрэгт явж, дараа нь тусдаа гарсан учир аав ижийдээ туслах, хэдэн дүү нараа өсгөх их ажил эгч бид хоёрт оногдож билээ. Би эгчийнхээ дуулгавартай дүү, найдвартай туслагч нь байж хэдэн дүү нараа хамт өсгөлцөж эгчийнхээ хүндхэн ачаанаас хөнгөлж байсан. Тийм болохоор би эгчийгээ сайн мэднэ. Тэгээд л хожим нь эгчийгээ хайрласан шүлэг бичсэн минь нь энэ билээ. Би эгчдээ дуугаа сонсгож чадаагүй ч азаар хүүгийнхээ уран бүтээлд сэтгэл зүтгэл гаргадаг сайн аав ээж таарч дуу минь амьдарсан. Дуучин хүү минь бас их хариуцлагатай , ажил хэрэгч байсан нь их сайхан” гэжээ.