images

“Санагалзал”


     Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр 2019 онд Өвөр Монголын найруулагчийн бүтээл “Хархүү” киноны хөгжмийг бичжээ. Тэрбээр энэ кинонд зориулан 16 хөгжим бичсэний нэг нь “Санагалзал” юм. Энэ хөгжим нь хар морь нутаг ус, эзнээ санан үгүйлж буйг илэрхийлнэ. Ш.Өлзийбаяр энэ тухай ярихдаа “Киноны хөгжим бичихэд ер гайгүй дээ. Үйл явдлаа үзээд санаагаа олчих юм бол биччихнэ. Энэ кино морины тухай кино учраас харилцан яриа багатай. Тиймээс морины дотоод сэтгэлийг хөгжмөөр илэрхийлсэн” гэсэн юм. Тэрбээр киноны хөгжим бичихдээ эхлээд дүрсээ үздэг. Учир нь, үйл явдлын үргэлжлэх хугацаанд тохирсон олон богино хэмжээний хөгжмийг кинонд ашигладаг ажээ. Энэ тухайд тэрбээр “Киноны хөгжим 30 секунд, гурван минут гээд янз янзын урттай байдаг. Энэ хөгжмийг бүтнээр нь ашиглачихаасай гээд бодож байтал талыг нь хэрэглэчихнэ. Ер нь миний зохиосон хөгжмийг богинохон байна гэж байсангүй. Дандаа л илүү гардаг” гэв. Мөн хөгжмийн зохиолч багадаа өвөө, эмээ дээрээ очиж морь мал унаж, малын дөртэй болж өссөн нь энэ киноны хөгжмийг бичихэд чамгүй нөлөөлжээ. “Би учиргүй морь унаж наадамд уралдаж байгаагүй ч хонины морь унаж малын хошуу эргүүлж өссөн болохоор тэр минь морины тухай хөгжим бичихэд дэм болсон” гэсэн юм. Цар тахлын үед Хятадын Шининь хотноо болсон "First international film festival-14”-д “Хархүү” кино шилдгээр шалгарсан билээ.