images

“Говь сайхан нутаг”


     1995 оны үед Дундговь аймгийн удирдлагууд сүлд дууны уралдаан зарлажээ. Үүнд яруу найрагч С.Батмөнх, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун нар "Говь сайхан нутаг" дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Улмаар тэдний хамтын бүтээлийг Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших болон Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг эгч дүү гурав дуулжээ. Үүнээс хойш дуучин Э.Төрмандах, “Дуурьсал” хамтлагийнхан дуулсан байна. Ингэж олон дуучид дуулж Говь нутгийнхны хайртай дуу болсон энэ дууг, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулууныг 2020 онд Гавьяат цол аваад Төрийн ордноос гарч ирэхэд нутгийн урлагийн зөвлөлийнхөн нь дуулан угтаж баярлуулсан удаатай. Мөн тэрбээр өөрийн нэрэмжит “Говь сайхан нутаг” дууны уралдааныг 2019 онд зарлаж байв.