images

"Аялгуу"


     1977 онд цэргийн хуаранд биесээ олж эхлэлээ тавьсан “Харанга” хамтлаг 1989 онд “Амьдрал” анхны тоглолтоо үзэгчдэд хүргэж байжээ. Тоглолт болох өдрийн 12 цагт Соёлын яамны Уран сайхны зөвлөлийн 17  хүнд тоглолтоо бүрэн эхээр нь үзүүлж хянуулахад эхнээсээ шүүмжилж эхэлсэн гэдэг.  “Хяхарч чахарсан барууны энэ хөгжмийг тоглуулж болж байна уу?” гэж эхний дөрөв таван хүн эсэргүүцэж эхлэхэд эрдэмтэн зохиолч Э.Оюун “Амьдрал” дууны дахилтыг уншаад “Үнэхээр гоё хэлж. Градский шиг, Высоцкий шиг гоё хэлж. Энэ хүүхдүүдийг би дэмжиж байна” гэснээр бусад нь дагалдаж эцэс сүүлд нь бүгдээрээ “Дэмжиж байна” гэснээр тоглолтоо хийх зөвшөөрөл олгожээ. Э.Оюун "Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя” гэж хэлснээр тоглолт тавих эрхийг нь өгчээ. Энэ дууны хөгжмийг зохиосон Ц.Энхманлай ярихдаа “1983 онд Улсын циркт хөгжимчнөөр ажиллаж байхад яруу найрагч С.Болд гэж хүн хааяа хөгжимчидтэй уулзах гэж ирдэг байв. Нэг удаа ирэхдээ дэвтрээ барьчихсан, нэлээн хэдэн шүлгээ уншиж өгсөн юм. Хамгийн түрүүнд “Аялгуу” дууны шүлэг таалагдаж шүлгийг нь гуйхад “За даа, чи ч чадахгүй байх аа даа” гэсэн маягтай дургүйхэн өгсөн. Тэр өдрөөс хойш зав чөлөө гаруут л төгөлдөр хуур дээр бэлдсээр байгаад 20-иод хоногийн дараа аялгууг нь хийлээ. Яруу найрагчдаа сонсгосон чинь “Аятайхан дуу болж, чи хэзээ дуулах вэ?” гэж асуусан. Хадгалж хадгалж хамтлагийнхаа анхны “Амьдрал” тоглолтон дээр дуулж сонсогчиддоо сонсгосон доо” гэжээ. 

                      Эх сурвалж: Монголын Үндэсний олон нийтийн радиогийн “Дуун увдис” нэвтрүүлгээс.