images

“Сайхан Монгол орон минь”


УИХ-ын гишүүн асан, гавьяат хуульч Д.Лүндээжанцан “Сайхан Монгол орон минь” дууны түүхийг ингэж өгүүлжээ.

   “Хөгжмийн зохиолч Б.Шарав агсантай сайхан нөхөрлөж явлаа. Эхнэр бид хоёр Цагаан сарын шинийн 3-нд багтаан хэдэн айлд очиж золгожхын зэрэгцээ хэдэн хүнтэй утсаар урьдчилсан золголт хийдэг юм. Тэдний нэг нь Б.Шарав абугай. Утас цохин амар мэндийг нь мэдэн алсаас золгоход “Дүү хүү хэзээ ирэх гэж байна?" гэнэ. "За тэгж байгаад шинэ хуучрахаар очно оо" гэхэд Ажил их байгааг ойлгож байна. Гэхдээ бууз дуусахаас өмнө ирэхийг бодоорой” гэж бултахын аргагүй хэлдэгсэн.

Нэг өдөр Б.Шарав ах “Нутгийнхан маань Жаргалтхаан сумандаа дуган барих болоод үүнд зориулан Соёлын төв өргөөнд би хандивын тоглолт хийнэ. Эх орны сэдэвтэй найрал дуу шинээр хийх болоод байна. Иймэрхүү аялгуутай юм гээд нэгэн аялгуу утсаар сонсгов. "Хэзээ билээ?" гэтэл "Маргааш гэхэд дууны үг өгвөл сайн байна" гээд шүлгийн хайрцгийг нь хэлж өгөв. Хэлсэн ёсоор маргааш нь “Сайхан Монгол эх орон минь” дууны үгийг утсаар хэлж Б.Шарав ах маань бичиж авав. Төдөлгүй “Үг аялгуу хоёрыг нийлүүлж найруулж байна. Зарим нэг үгийг янзалмаар байна. Өдрийн хоол хийж байна. Хүрээд ир” гэлээ. Тэр өдрийн бидний уулзалт гайхалтай сайхан уран бүтээлчийн яриа, аялгуу болон дуунд үлджээ. Бидний хамтын бүтээл “Сайхан эх орон” дуу төрсөн тэр өдөр  2016 оны 2 дугаар сарын 8 байсан нь утасны ядмагхан бичлэгт ийн үлдсэн байх юм” гэжээ.