images

“Насны ганцхан хань”


 “Насны ганцхан хань” дууг анхлан дуулсан МУСТА  Д.Хишигбаяр 2009 онд нэгэн хэвлэлд дуу бүтсэн түүхээсээ ингэж хуваалцжээ.

    “Миний хань Л.Ариунболор Хавдар судлалын үндэсний төвийн сувилахуйн албанд ажилладаг. Тэнгис, Тэргэл гэж хүү, охин хоёртой. Энэ дууг дуулсан нь бас их сонин. Би 1990 онд Чех улсад хувийн ажлаар явж ирснийхээ дараа Р.Ганбат удирдаачтай уулзтал Д. Амгалан гуайтай нэг өрөөнд хоёулаа дуу хийгээд сууж байлаа. Сонирхсон чинь Отгонбаяр гэдэг дуучнаар дуулуулахаар төлөвлөөд сууж байгаагаа хэллээ. Тэгэхлээр нь "Үгүй ээ наад дууг чинь би дуулах ёстой. "Би дуулъя" гэж шалсаар байгаад дуулчихсан юм. Би чинь их муухай юм хийсэн хүн шүү дээ. Манай Р.Ганбат дарга чинь тэгэхэд ахмад цолтой байсан юм. Угаасаа их сайхан аялгуу зохиодог. Олон ч уралдаанд дууг нь дуулж сайн давхиж байлаа. Тэр дуу маань нэлээд хурдан хугацаанд шийдэж дуулсан. Бас хүнд зурвасхан одтой, азтай нэг тийм үе байдаг юм билээ. Нэг жилд 6-7 уралдаанд орж нэг уралдааны хоёр байрт шалгарч байлаа. Энэ дууг тэрэнд энэнд гэж зориулаагүй. Хүн болгон л ханьтай ижилтэй. Хорвоод нэг нь үлдэж нөгөө нь буцаж тэгээд араас нь явж одох нь жам. Амьдралын тэр сайхан ухаарлыг төрүүлсэн энэ дуу үг, ая, дуучин гурав наалдаж бүтсэн тийм л сайхан дуу. Тийм учраас өдгөө ч дуулдагдаж байгаа гэж боддог. Намайг хаана ч очсон "Насны ганцхан хань"-аа дуулаад өгөөч гэдэг. Би дуулж өгдөг” гэжээ. Уг дуу олон нийтэд хүрснээсээ хойш цаг хугацааны эрхэнд улам тодорч сүүлийн үеийн уран бүтээлчид дуулсаар байгаа юм.