images

Мияагино


     Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Шо буюу М.Даваажаргал зодог тайлж, Мияагино дэвжээг өвлөн авч дасгалжуулагч багш болсон билээ. Гэвч хүмүүс түүнийг нэрээ сольж Мияагино гэдэг япон нэртэй болсон хэмээн андуурах болжээ. Иймд энэ нэрийн учрыг тайлбарлая. М.Даваажаргал нь сүмо бөхийн зодог тайлах насанд хүрч, 2001 онд анх гарч ирсэн Мияагино дэвжээндээ ояката буюу ахлах дасгалжуулагч болж байгаа юм. Иймээс түүнийг хүмүүс хүндэтгэн дуудахдаа сүмо бөхийн ёсоор Мияагино ояката гэнэ. Жишээлбэл, Оошима ояката буюу 10 дахь Томозуна болсон их аварга Кайки Нобухидэ 1992 онд Монголд ирж Д.Батбаяр, Н.Цэвэгням тэргүүтэй зургаан хөвгүүнийг Токиод аваачин Оошима дэвжээндээ барилдуулж байв. Улмаар монгол сүмочдын давалгаа Японд эхэлж, монголчууд өөр нэгэн улсын үндэсний бөхийг амтшин үздэг болсон билээ. Мөн тус дэвжээнээс төрсөн аварга Н.Цэвэгням буюу Кёкүтэнхо Масарү 2015 онд зодог тайлахдаа Оошима ояката болж байв. Харин М.Даваажаргал зодог тайлсныхаа дараа 21 дэх Магаки болсон нь 10 дахь Томозуна гэдэгтэй ижил тухайн дэвжээний багшийн үеэс үед уламжлан авдаг нэр юм. Өөрөөр хэлбэл, энэ нэрүүдийг Сүмо бөхийн холбооноос олгодог эрх хэмжээ гэж ойлгож болно.

Зураг дээр: Соробан сампингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Японд очсон багачууд Хакүхо Даваажаргалын Мияагино дэвжээнд зочилсон нь. 2015 он