images

“Аавын хайр”


Дуучин В.Баттулга, Б.Дуулим нарын дуулсан “Аавын хайр” дууны шүлгийг бичсэн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Отгонбаяр энэ дууны бүтсэн түүхийг манай сайтад ярилаа.

     "Энэ дууны аяыг “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай хийсэн юм. Бид хоёр нийлж 11 дуу хийснээс зургаан дууг нь амьд ахуйдаа өөрөө дуулахыг нь дуулж, уран бүтээлчдэд өгөхийг нь өгөөд шийдчихсэн юм. Харин таван дуу нь надад үлдсэн. Бид талийгаачид зориулан “Гуч хүрсэн бүсгүй” нэртэй дурсамж хүндэтгэлийн тоглолт хийж байлаа. Тоглолтын орлогыг найзынхаа хоёр хүүхдэд 18 нас хүрэхээрээ авах хугацаатай хадгаламжид хийж өгч байв. Тэр тоглолтын үеэр би тайзан дээрээс “Миний анд энэ хорвоод байхгүй ч миний зүрх сэтгэлд мөнх байна. Үлдээсэн таван дууг нь би уран бүтээл болгоно” гэж амласан юм. Тэр үлдээсэн таван дууны анхдагч нь ”Аавын хайр”. Талийгаач анд минь "Би охинтойгоо хамтарч дуулна, чи охинтойгоо клипэнд нь тоглоорой" гэж ярьж, мөрөөддөг байлаа. Даанч тэгж чадаагүй. Тийм болохоор би орчин үед охинтойгоо хамт дуулдаг аав хэн билээ гэж бодож байгаад В.Баттулга, В.Дуулим хоёрыг сонгож энэ дууг дуулуулах санал тавьсан юм. Талийгаачийн эхнэр охинтойгоо дуулна гэж ярьдаг байсныг нь мэдэх болохоор энэ дуу гарахад эмзэглэсэн тал бий. Одоо бол ойлголцсон. 

     Дууны анхны хувилбар дээр охины дуулах хэсэг дахилтан дээрх хоёр мөр л байсан юм. Харин В.Баттулга бүтэн бадаг охиноороо дуулуулмаар байна гэсэн учраас нэг шинэ бадаг бичиж өгсөн түүхтэй. Аяных нь хайрцагт тохируулаад бадаг нэмсэн дээ. Би телевизийн зураглаач мэргэжилтэй болохоор хаа яваа газар мэргэжлийн өвчин хөдлөөд гар утсан дээрээ ч юм уу бичээд авчихдаг юм. А.Мөнгөншагай найзынхаа ая хийсэн демо бичлэгийг нь бичээд авчихсан байлаа. Тэр демог нь нотлоод бүтээл болгоод дуулсан гэсэн үг. Охиныхоо төлөө аавынх нь хийж чадах юм энэ, аавыгаа байгаа цагт миний охин амгалан байж болно гэсэн санаагаар энэ дууны үгийг охиндоо зориулж бичсэн. В.Баттулга, В.Дуулим хоёр минь уйлаад л дуулдаг юм. Сайхан ч дуулсан. Тэдний тоглолтын хаалтын дуу болдог гэсэн шүү".