images

“Алтан намар”


     Хуучин социалист орнуудын Намын төв хороодын үзэл суртлын хэлтсийн дарга нарын зөвлөгөөн 1982 оны хавар Чехийн Прага хотод болов. Тэгэхэд “Прагийн хавар” гэж жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн наадмын нээлтийг социалист орнуудын дарга нарт үзүүлсэн юм. Түмэндэлгэр дарга бид хоёр “Прагийн хавар”-ын бүх программыг авч, Монголд жил бүр зохион байгуулж байх “Алтан намар” хөгжмийн наадамтай болох Төв хорооны тогтоолын төсөл боловсруулж тооцоог нь хийгээд тэр намраа наадмыг зохион байгуулахаар батлууллаа.
     Тэгээд анхны наадмыг Улсын циркэд хийж 1983 онд хоёр дахийг нь зохион байгуулах намар цаг дөхөж ирэхэд Намын Төв Хорооноос “Жил бүр наадам хийх юм бол наадмын сүлд дуутай болвол яасан юм бэ?” гэсэн санал гарсан. Тэгээд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд наадмын сүлд дууны хаалттай уралдаан зарлагдсан юм. Түүнд нь 24 хөгжмийн зохиолч оролцсон. Л.Мөрдорж, Г.Алтанхуяг гээд том том хөгжмийн зохиолчид байсан л даа. Тухайн үед радиогийн ганцхан студи байлаа шүү дээ. Бүгд л оркестртой бол оркестртой, гоцлол дуучинтай бол гоцлол дуучинтайгаа радиод бичлэг хийлгээд эхний шатанд түүнийг нь Намын төв хорооныхонд сонсгосон чинь яг тохирох сайн дуу алга гэж үзжээ. Тэгээд Зохиолчдын хорооны дарга Д.Цэдэв бид хоёрыг дуудаж дуу бичих даалгавар өгөв. Бид ч тус тусын контор руугаа явцгаасан. Тэгээд орой нь хоёул санаагаа хэлэлцсэн юм. Цэдэв “Алтан намар үргэлж сэтгэлд байж л байдаг гэсэн санаа байвал ямар вэ?” гэж байна. Би ч зөвшөөрсөн. Тэгээд мань хүний шүлэг ч бэлэн болж надад харин аялгуу олддоггүй ээ.
     Тэгж тэгж, намар хүүхдүүд сангийн аж ахуйд ажилладаг тухай “Мартагдашгүй намар” гэж киноны хөгжмийн эхний дөрвөн нотыг л сонсвол хүмүүст намрын тухай нэг юм буух юм байна гэдгийг онолын хувьд бодож олов. Тэгээд л үүнийгээ бариад вальс маягийн тэс өөр аялгуу залгуулан бичиж Зангад багшаараа л дуулуулах нь зөв юм гэж бодсон. Тэгээд цөөхүүл хөгжим, төгөлдөр хуур, эмэгтэйчүүдийн найрал дуутай анх дуулуулж бичүүлсэн юм. Өнөө уралдааныхтай нийлээд 25 дуу болдог бил үү... Радиогоос дөрвөн дууг нь болно гэж үзэж л дээ. Тэнд нь П.Бадарч гуай, Л.Мөрдорж гуай, П.Алтанхуяг бид дөрвийн дуу байж. Тэгээд шалгарсан дөрвөн дууны зохиогчийг нууцалж байгаад Намын төв хорооныхонд сонсгосон байдаг. Ингэж л Цэдэв бид хоёрын дуу шалгарч “Алтан намар”-ыг нээж, хаадаг сүлд дуу болсон билээ.

Эх сурвалж: www.sonin.mn