images

Эрдэнэ Зуу


     Төвдөөр Ринчэн Жово гэдэг үгийг монголоор Эрдэнэ Зуу гэдэг билээ. Ринчэн Жово гэдэг үгний рин нь үнэ цэнэ, өртөг, ханш, чэн нь их, том гэсэн утгыг илэрхийлэх ба их үнэтэй, чухал, ховор гэсэн утгатай үг нь эрдэнэ гэдэг утгыг төвдөөр илэрхийлж байдаг гэж ойлгож болно. Жово буюу Зуу нь Буддагийн нэг алдар бөгөөд оноосон нэр юм. Тиймээс кириллээр Зуу гэдэг нэрний эхний “З” үсгийг томоор Зуу гэж бичих хэрэгтэй. Эрдэнэ Зуугийн гол гурван Зуугийн сүм буюу хамгийн анхны бөгөөд Өндөр гэгээн Занабазарын дээд гурван өвгийн бариулсан гурван сүм байдаг. Тус гурван сүмийн хойморт гурав гурван шавар шүтээн баримал оршдог ба голынх нь Бурхан Буддагийн буюу Зуу бурханы шүтээн баримал юм. Товчхондоо гурван Зуугийн сүмийн хоймор голд орших Зуу бурханы алдраар Зуу гэж нэрлэсэн байна. Яагаад Зуу гэдэг үгний өмнө Эрдэнэ хэмээн тодотгож нэрлэсэн талаар хэд хэдэн тайлбар байдаг.
1. Будда өөрөө орчлонгоос буюу зовлонгоос гэтэлсэн, бусдыг ч гэтэлгэх арга замыг номлосон, эрдэнэ шиг ховор, нандин нэгэн учир Эрдэнэ гэж нэрлэсэн байна. Бид чухал зүйлийг алттай зүйрлэж, цаг бол алт гэж хэлдэгтэй адил Бурхан Будда бидэнд эрдэнэ мэт үнэтэй юм.

2. Эрдэнэ Зуугийн гол Зуугийн сүмийн Зуу бурханы тэргүүнд тохойн чинээ эрдэнэ шигтгэсэн байсан учир Эрдэнэ гэж нэрлэдэг хэмээн үзэх нь бий.

3. Ринчэн буюу эрдэнэ гэдэг үг нь Буддагийн эрдэнийн шарил буюу радна шарирам гэдэг утгыг бас илэрхийлдэг бөгөөд энэ нь үс, шүд тэргүүтэй Бурханы лагшингийн хэсгийг хэлнэ. Гол Зуугийн сүмийн Зуу бурханы лагшин барималд Бурхан багшийн эрдэнийн шарил оршоосон байдаг учир Эрдэнэ гэдэг гэж мөн тайлбарладаг байна.

Эх сурвалж: www.erdenezuu.mn