images

“Хайрын бурхан”


     Үгийг нь Ү.Хүрэлбаатар, аяыг нь Д.Өлзий-Орших зохион Б.Сарантуяагийн дуулсан “Хайрын бурхан” дуу төрсөн түүхийг ая зохиогч нь гурван жилийн өмнө хэвлэлд ийн хүүрнэж байв.  

   Би ер нь дуу зохиоё гэж нэг их боддоггүй байлаа. Тэгтэл харин 1994 онд “Ая дууны жигүүр” наадамд Сараагийн дуулсан "Зүүдний учрал" дуугаараа түрүүлчихдэг юм. Тэгэхээр хүн их урам ордог юм байна лээ. Ингээд ганц хоёр дуу хийж эхлэв. Нөгөө “Номин талст”- ын дуулдаг "Баяртай гэж битгий хэлээч"-ийг зохиож өөрөө дууллаа. 1996 онд Сараа надад Ү.Хүрэлбаатар ахын "Хайрын бурхан" шүлгийг өгч “Энэн дээр ая хийж болмоор байвал нэг үзээтхээч” гэлээ. Зүгээр л энгийн хайрын шүлэг. Хайрын бурхан гэж тэр үед хэн ч ярьдаггүй байсан юм. Надад зөвхөн “Хайрын бурхан” гэж тэр содон нэр л асар таалагдаад, оролдож үзэхээр шийдэв. Даанч болж өгдөггүй. 2-3 сар өнгөрлөө. Тэр үед Дашка, Халиун, Бука бид хэд тэр үеийн “Холливүүд” бааранд тоглодог. Жинхэнэ баараар гэр, лаазаар дэр хийсэн үе байлаа. Нэг шөнө баарандаа тоглочихоод орж иртэл миний дүү Батаа (Тэр үед Сараагийн тонмейстер хийдэг байсан) “Сараа эгч нөгөөдөр Сингапур руу шинэ цомгийнхоо бичлэгт явлаа. Нөгөө дуу бэлэн болсон бол маргааш л сурах зав байна гэж хэлж байна” гэв. Цаг нь их тулчихжээ. Ямар ч байсан нэг юм сонсгохгүй бол Сараад "алуулах" нь тодорхой тул шууд л ажилдаа орлоо. Галынхаа өрөөнд шөнө гитартайгаа суугаад ноцолдож байгаа хэрэг шүү дээ. Эхлээд шүлэгтэйгээ ноцолдож, энд тэндээс зарим нэг үгийг танаж, бас заримыг нь өөрчлөв. Том найрагчийн шүлгэнд бас өөрийн дураар гар хүрч Ү. Хүрэлбаатар ахад "алуулах" болзлоо бас хангачихлаа.

   Одоо тэгээд яахав, нэгэнт ийм хэрэг болсон тул шөнөжингөө ноцолдож нэг аятай болж аваад, мартахгүйн тулд гэрийнхээ магнитофонд өөрөө дуулж бичээд унтав. Өдөр босоод нөгөөхөө сонслоо. Муугүй болсон байна гэж өөртөө дүн тавиад банзан гитараа үүрээд Сараагийн гэр рүү явлаа даа. Очоод дуулж өгөв. Сараад таалагдаж байгаа бололтой. Манай Сараад дууны ая, үгний зохицол, зохиогчийг мэдрэх нэг тийм тайлбарлаж болшгүй онцгой авъяас байдаг. Намайг эхлээд дуулахад сонслоо. Хоёр дахь удаад нь дагаад зөөлхөн аялж байна. Гурав дахь удаа нь би өөрөө нэг дуулаад үзэх үү гээд шууд сураад дуулж байгаам юм даа. Ихэнх ая зохиогчид дуугаа хийхдээ энэ үгийг нэг иймэрхүү хэлээсэй, энэ хэсэг дээр ингэж дуулаасай гэсэн мэдрэмж тухайн дууг зохиож байхад төрдөг. Харамсалтай нь дуучид тэр хүслийг ихэнх тохиолдолд ойлгохгүй өөрөөр дуулаад, зохиогч гонсгор үлдэх үе байдаг. Харин Сараагийн тэр мэдрэмж үнэхээр тасархай. Яг зохиогчийн хүссэнээр л мэдэрч улам гоё болгож өгнө шүү дээ. Ингээд Сараа дуугаа сурчихлаа. Хэрвээ “Аргагүй амраг” цомогт байгаа “Хайрын бурхан”-ы бичлэгийг сонссон хүн санаж байвал яг дууны өмнө Сараа бид хоёрын түүний гэрт ярилцаж байгаа бичлэг байдаг юм.

   Тэр жил “Хайрын бурхан” дуу төсөөлшгүй амжилтанд хүрсэн. Хэдэн ч долоо хоног хит парадад тэргүүлэв бүү мэд. Клипийг нь Ононбат, Тука, Бат-Эрдэнэ нар UBS телевизийн студид зураг авч хийсэн. Нэг хөгтэй түүх нь тэр үед Сараа бид хоёр юунаас болохыг санахгүй байна (Залуу омголон байхдаа хүн л юм чинь бас түр тар хийнэ шүү дээ. Ядаж байхад хоёулаа нохой жилтэй) муудалцсан үе байлаа. Ууртай хоёр хүн хоёр талд зураг авахуулаад, Онон дээрээс баахан бичгийн цаас шидээд л...

   Тэр жилийн “Пентатоник”-т харин “Хайрын бурхан” маань түрүүлж, дараа нь харин тэр үед дөнгөж байгуулагдсан байсан Тээврийн товчооны “Хан брой”-н бааранд шагналын цомоо угааж, цөмөөрөө нэг бут авсан юм. Миний тэр Ү.Хүрэлбаатар ахын шүлгийг баллаж сохолсон эх хувийг Сараа Хүрлээ ахад жаазлаад дурсгасан даа.