images

"Эхийн тухай дуу"


   Хөгжмийн зохиолч Ч.Нянгарын ая, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн үг "Эхийн тухай дуу" бүтсэн түүхийг хүргэж байна.

    Хөгжмийн зохиолч Ч.Нянгар 1997 онд Ил товчоо сонинд энэ дууныхаа тухай ярьж байжээ. Түүнийг арван настай байхад аав нь нас барж, 1948 оноос хойш ээж хоёр дүүтэйгээ хоцорч үлдсэн байна. Амьдрахын эрхэнд ээж нь гурван хүүгээ дагуулан айлуудын гэрийн ажилд тусалж явдаг болов. Хүүхдүүд нь ээждээ бага гэлтгүй дэм болж, аргал түлээнд явахад нь дагаад явдаг байв. Ингэж явсаар гурван хүү нь ч том болж  хот руу ирж, Толгойтод суурьшдаг болжээ.

     Тэдний хамар хашаанд бас л хоёр гурван хүүтэй ядарсан эх хүн байдаг байв. Гэвч тэдний хүүхдүүд дандаа орон шоронгоор явна. Тэгтэл нэг өдөр шоронгоос дөнгөж гарсан нэг хүү нь тэнд байдаг агуулахаас юм хулгай хийх гэж байгаад манаачид нь буудуулчихав. Хавь ойрын хүмүүс түүнийг бүчээд зогсчихсон, цусаа гоожуулсан мөртөө муухай аашилсаар байжээ. Шархыг нь боох гэж завдсан хүмүүс байвч ойртуулахгүй байтал эх нь “Миний хүү” гэж гүйсээр шууд л хүүгийнхээ дэргэд очив. Тэгтэл хүү нь эхийгээ тэврээд авчээ. Хэчнээн шоронгийн хоригдол ч гэсэн эхдээ зөөлөн байдгийг Ч.Нянгар нүдээр үзэж, өөрийн, өрөөлийн гэлтгүй эх хүний зовлон ялгаагүйг ухаарч “Эхийн тухай дуу”-ны шүлэг төрсөн байна. Гэвч тэр шүлэг анхандаа их хэцүүхэн байв. Мөнхийн рашаан олох гээд эхийгээ үүрээд Шамбалын орон руу яваад л байна, яваад л байна. Тэгээд маш хол зам туулж хөлийнх нь өсгий элэгдэж доголоод, цус нь шүүрээд л гэх утгатай байв.

   Сүүлд нь зохиол бичдэг ганц нэг хүнд шүлгээ үзүүлэхэд "Болох л шүлэг байна. Гэхдээ хэтэрхий зовлон агуулсан болохоор зохиолчдын эвлэлийн хяналт батлахгүй л болов уу" гэдэг байжээ. Гэсэн ч зөрсөөр шүлэгтээ ая зохиож зохиолчдын эвлэлийн хяналтаар оруулахад батлагдсангүй. Аялгууны хувьд бол маш сайн үнэлгээтэй байсан ч хэтэрхий зовлон тоочсон, цус нөж шүүрсэн үг хэллэг нийтийн дуунд тохирохгүй нь мэдээж байв.  Дараа нь энэ шүлгээ яруу найрагч П. Пүрэвсүрэнд үзүүлэв. Тэгтэл Пүрэвсүрэн энэ шүлгийн хэмнэл дээр түшиглээд үгийг нь зуун хувь өөрчилж орхив. Ингээд шүлэг нь ч сэтгэлд аятай санагдаж, өмнө нь зохиосон аяндаа тохируулаад, дуучин Зангадаар анх дуулуулж байжээ.

Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг

Эмзэг залуу насандаа

Өтөлнө гэдгийг санаад

Өрөвдөж явлуу ээжийгээ

Мөнхийн рашаан байдаг бол

Хаанаас ч гэсэн олох юмсан

Миний ээж настай хүн

Хайртай ээждээ өгөх юм сан

Өвсний толгой цайраад байна

Өвөл болсны шинж үү дээ

Өөрөө ч мэдэхгүй уйлах юм

Ижийгээ санасны шинж үү дээ...

       Энэ дууг зохиосон Нянгар гуай Монголын урлагт анх угалзан бүрээ үлээж байжээ. Угалзан бүрээ нь утсан хөгжим, үлээвэр хөгжим хоёрыг холбож өгдөг уран нарийн бүрээ юм санж. Тэр 1952-оос 1985 он хүртэл тасралтгүй 33 жил энэ хөгжмөөр тоглохдоо монгол аялгуунд байхуйц зохих ёсны шинэчлэл хийснийг алдар цуутай цөөхөн хэдэн хөгжмийн зохиолч тэрүүхэндээ маш их үнэлдэг байжээ. Тэрбээр хөгжмийн зохиолч Намсрайжав гуайн “Говь гурван сайхан” симфони зураглалд угалзан  бүрээгээр гоцлол хийж байв.

                                  Эх сурвалж: Б.Ойдов