images

Асур


     Асур бол эртний санскрит хэлний “Аsura” гэдэг үг ажээ. Асура гэдэг эрт балар цагт амьдралын хүчний эзэн гэсэн утгатай үг байв. Хожим нь энэ үгний эхний “а” үсгийг үгүйсгэх угтвар гэж, “сура”-г тэнгэр буюу дарс гэсэн үг гэж хувируулан тайлбарлах болсон байна. Тэгээд түүнээс хойш тэнгэр нарыг эсэргүүцэж үргэлж байлддаг асур нар гэж ном сударт дүрслэх болжээ.

    Энэ үгийг төвдөөр Лхамин (Lha min) гэж орчуулж, монгол хэл рүү орчуулахдаа асури гэж бичжээ. Асури гэдгийн эцсийн "и" эгшиг санскрит хэлэнд байхгүй боловч энэ хэлний олон нэр томьёо согд, уйгар хэлээр дамжиж Монгол оронд нэвтрэхдээ "и" эгшигтэй болсон байна. Жишээ нь, “асури”, “бодгали”, “эрдэни”, “убаси” гэх мэт. Эдгээр үгийн эцсийн и эгшгийг одоо шинэ бичигт заавал бичих шаардлагагүй ч эцсийн гийгүүлэгч нь зөөлөрсөн байвал “и” буюу зөөлний тэмдгийг бичиж болох юм.

Эх сурвалж: "Монгол Гэсэрийн туужид гардаг зарим нэрсийн тайлбар"