images

"Гарын арван хуруу"


"Хар өнгийн торгоор нь ханцуйгаа юунд нь эмжлээ дээ

Харийн хошууны чамдаа хайраа юунд нь өглөө дөө" хэмээн өндөр эмээгээ дуулахыг хэдэнтээ сонсож байв. Гэтэл энэ дуу Өвөр Монголын Барга хошуунд 1870-аад онд үүссэн "Гарын арван хуруу" гэх дуу болохыг сая олж мэдэв. Түүхийг өгүүлбэл, тэр нутгийн "Мянган цагаан адуут" гэгддэг баян айлын ганц охин гоо үзэсгэлэнгээрээ цуутай Зулцэцэг бүсгүй хайрт залуу Дүүрэндэлгэртээ зориулан бичсэн юмсанж. Дүүрэндэлгэр гэгч нь 1850 онд шар тайж Донровын хүү болон мэндэлсэн Баруун Үзэмчин хошууны Олгой гол, Бүлээн хөндийгөөр нутагладаг эр чадалтай бөх байжээ. Тэрээр хорин нас хүрч хол ойрын наадамд удаа дараалан түрүүлж, ид хаваа гайхуулж байх үест Хорчины Засагт вангийн хошуу одоогийн Улаан хот хошууны хөлтэй найрт барилдаж гэнэ. Уг найранд Хорчины ноён хутагт гэгээний алдарт бөх Маасан цоохор Дүүрэндэлгэртэй хүч үзэж өвдөг шороодсон аж. Тэгэхэд аль хэдийнээ Дүүрэндэлгэрийг хүмүүс Дүүрэн заан хэмээн таньдаг, бүр нэрийг нь ийн өөрчилсөн байв. Түүний ид хавтай барилдахыг үзэж харсан нутгийн олон нь "Дүүрэн заан" хэмээх дуу зохиож,

"Үдшээр гардаггүй цолмон од нь

Үүрийн эртээр гялалзаад байна

Үзэмчин хошууны Дүүрэн-Заан

Үзэгдэхийн бараанаас гялалзаад байна” хэмээн дуулжээ. Улмаар түүнд дурласан Барга хошууны Зулцэцэг бүсгүй алс нутгаадаа явсан эрээ санагалзаж "Гарын арван хуруу" дууг мөн түүнд зориулан дуулсан байна. Дуунд хар торгон эмжээр, эрээн хоргой эмжээр хэмээн гардаг нь Дүүрэн зааны өмссөн дээлийг дүрсэлсэн нь тэр байсан аж. Хожим бэл бэнчитэй шар тайж Донров хүү Дүүрэндэлгэрээ дагуулан Барга хошуунд ирээд Зулцэцэг бүсгүйг бэр буулгахаар болов гэнэ. Тэгэхэд нь хүүхний тал "Хүргэний хүчийг сорино" хэмээгээд хонины хүзүүний мах дутуу чанаж түүнийг үтэр түргэн салга гэхүйд Дүүрэн заан тэр дор нь салгаж бүсгүйгээ өөрийн болгосон түүхтэй ажээ.