images

“Last Christmas”


     Зул сарын баярын дуунуудаас хамгийн олон хүнд хүрсэн “Last  Christmas” дуу 1984 онд мэндэлжээ. Энэ дууг Жорж Майкл бичиж, продюсерлэсэн бөгөөд их британичуудын дунд ихээхэн алдартай дуу юм. Дууны нэрийг сонсоход Зул сарын баярын тухай дуу мэт боловч нэгэн хосын түүхийг өгүүлдэг. Энэ тухай Жорж Майклын найз Эндрю Рижли 2017 онд "The Mail On Sunday” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Эндрю нэгэн ням гаригийн үдэш Жорж Майклын хамт эцэг эхийнх нь гэрт зочилсон бөгөөд тухайн үед юу болсон талаар "Бид хоол идчихээд, дараа нь зурагт үзэнгээ амарч байлаа. Гэтэл Жорж дээд давхрын өрөө рүүгээ явсан бололтой, бидэнд юу ч хэлэлгүй цаг гаруй алга болчихов. Буцаж ирэхдээ нэг л баяртай, сэтгэл нь догдолчихсон байх юм. Өөрт нь байсан эрдэнэсийг олчихоод ирж байгаа юм шиг. Тэгээд түүнтэй хамт хүүхэд байхдаа олон цагийн радио нэвтрүүлэг сонсож, ямар нэгэн дууны аяыг бичиж урам зоригоо хөглөдөг байсан өрөө рүү очиход нэг гайхамшигтай дууг тоглож өгсөн. Сэтгэл татам мөртлөө гунигтай үгтэй дууны аялгууг сонсоод алмайрч хоцорлоо. Жорж хөгжим дээрээ тоглолт хийж, Христийн мэндэлсний баярын мөн чанарыг хөгжмөөрөө харуулжээ. Урвасан хайрын тухай үг нэмж үнэхээр гайхалтай дуу болгосон нь сэтгэл хөдөлгөсөн” гэжээ.

   Ингээд дууны клипийг Жорж Майкл, Эндрю Рижли нар найз охидоо дагуулан өвлийн байшиндаа найзуудтайгаа уулзаж байгаагаар хийсэн юм. Харин найзуудынх нь дүрд "Wham!" хамтлагийн дуучид болох Пепси, Ширли, Ширлигийн найз залуу, ирээдүйн нөхөр "Spandau Ballet" хамтлагийн басс гитарчин Мартин Кемп нар тогложээ. Энэ дууг Ashley Tisdale, Coldplay, Carly Rae Jepsen, Taylor Swift зэрэг олон уран бүтээлч дахин дуулсан юм. Ийнхүү удаан хугацаанд хит байсаар ирсэн энэ дуу 2016 оны 1 дүгээр сарын 7-нд Billboard-ын “Hot 100” дууны жагсаалтад анх удаа багтаж байжээ. Түүнчлэн хамгийн том амжилт нь анх гарснаасаа хойш 36 жилийн дараа буюу 2021 оны 1 дүгээр сарын 3-нд Их Британийн сингл дууны жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нь байв. Мөн 2019 онд нээлтээ хийсэн "Сүүлчийн Зул сарын баяр" нэртэй кинонд "Last Christmas" дуу болон "Wham!" хамтлагийн бусад дууг ашиглажээ.