images

"Үхэрт, хүйтэн хоёр"


Үргэлжийн ойрхон харагдагч
Үхэрт, хүйтэн хоёр уу даа.
Үеийн жаахан Долгороо
Үерт дайрахыг нь харсангүй
Арын бууцанд буусаар
Адуу тогтохоо байлаа даа
Аяганд хийсэн хоол нь
Аманд орохоо болилоо доо
Алттай магнаг торгыг
Ар л биендээ шингээгээсэй
Алаг нүдэн Долгороо

Аюул дайрахыг нь үзсэнгүй” хэмээх барга ардын дууг уртын дууч Б.Алтанжаргал, дуучин Д.Отгонжаргал нар дуулсан нь бий. 1920-иод оны эхээр Өвөр Монголын Барга хошуунд амьдарч байсан үзэсгэлэнт бүсгүй алаг нүдэн Долгорыг насан эцэслэсний дараа хайртай залуу нь уг дууг харуусан гунихдаа зохиожээ. Учир юу гэвээс Долгорын учралт залуу шинэ Барга хошууны Далай сумын Цогт Хайлаар луу цэргийн албанд явж ирээд хайрт бүсгүйтэйгээ уулзах гэтэл тэр нь хошуунд гарсан том түймэрт өртөж тэнгэр болсон байв. Үүнийг дуулаад үл итгэсэн Цогт Баргын талаар долоон өдөр, долоон шөнө бүсгүйгээ хайж, эцэс сүүлд нь Үхэрт хүйтэн гэх газрын нэгэн айлаас Долгорынхоо зүүж явсан ээмэг бөгжийг олоод болсон явдалд сая нэг итгэжээ. Ингэж л гуниг харуусал, итгэл тээсэн "Үхэрт, хүйтэн хоёр" дуу бүтсэн байна. Энэ  дууг Өвөр Монголын "Анд" хамтлагийн уртын дууч Б.Цэцэгмаа дуулсан байдаг бөгөөд 2010 онд Хятад улс соёлын биет бус өвөөр бүртгэжээ.