images

“18 нас минь намайг бүү орхиоч”


     “Соёл-Эрдэнэ” хамтлагийн алдартай дуунуудын нэг "18 нас" буюу “18 нас минь намайг бүү орхиоч” дууны үг, аяыг “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан 18 насанд хүрэхээсээ өмнөхөн зохиожээ. Тэрбээр арван жилийн сургуулиа төгсөөд 1977 оны 9 дүгээр сарын эхээр Иркутск (Эрхүү) хотод хэлний бэлтгэлд явсан байна. Тэнд очсон залуу хүү гэрээ санан гиюүрч хэвттэл “18 нас минь намайг бүү орхиоч” гэдэг мөр орж ирсэн гэнэ. Тэр нь 1977 оны 9 дүгээр сарын 20-дын үе бөгөөд Д.Жаргалсайхан ч төд удалгүй 18 нас ч хүрэх гэж байж. Ийнхүү үг, ая хоёроо зэрэг шахуу бичжээ. Улмаар тэр дууг нь Эрхүүгийн оюутнууд дуулдаг болсноос гадна Минск хотын монгол оюутнууд гадаад оюутны урлагын үзлэгээр дуулж тэргүүн байр эзлээд амжив гэнэ. Үүнээс жилийн дараа 1978 оны намар Д.Жаргалсайхан "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гоцлол дуучин асан Б.Баяр болон бусад нөхдийн хамт Москва явжээ. Тэр замдаа Б.Баярт дуулж өгвөл нөгөөх нь "Би сургуулиа төгстөл удна. Гэхдээ сургуулиа төгсөж нутагтаа очвол энэ дууг албан ёсоор дуулна" хэмээн амлав. Ингээд Б.Баяр асан хөгжмийн дээд сургууль төгсөж 1987 онд Монголд очиж, яг тэр үед нь Д.Жаргалсайхан ч "Соёл-Эрдэнэ"-ийн нэгэн эд эс болсон тул "18 нас минь намайг бүү орхиоч" олны хүртээл болжээ. Тэр жил Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлд Японоос дуу бичлэгийн явуулын студийн шинэ төхөөрөмжүүд ирж таарсан тул дуугаа сайхан ч бичүүлсэн байна. Дуучин Б.Баяраар зогсохгүй хамтлагийн эмэгтэй дуучид ард нь хоолой дэвсэхийг хүсчээ. Дуу гарсан даруйдаа олонд таалагдаж ихэнх тоглолт дээрээ дуулсан гол дуу нь болжээ. Ингэж л бүтэн арван жилийн дараа л зөвхөн Орос дахь монгол оюутнуудын мэддэг дуу Монголын ард түмэнд хүрсэн байна. Харин нам төрийн шалгуураар дууны нэрийг зөвхөн "18 нас" гэхийг л зөвшөөрчээ. Гэхдээ залуус зөвшөөрөл өгөхөөс нь өмнө тоглолтод дуулж эхэлсэн гэдэг.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевиз "Дуу төрсөн түүх" нэвтрүүлгээс