images

"Будан суухаас нь өмнө"


     Яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая, дуучин Ж.Алтанцэцэгийн дуулсан “Будан суухаас нь өмнө” дуу Увс нутгийн сайхан хөгшин Бинээ гуайд зориулагджээ. Учир нь, Бинээ гуай дуучин Ж.Алтанцэцэгийн хадам эмээ юмсанж. 2003 оны нэг өдөр хадам ах нь ирээд эмээдээ зориулж дуу хийлгээд дуучин бэрээрээ дуулуулахыг хүссэнээр тэд Ш.Гүрбазар гуайг зорьж очсон байна. Улмаар Увсын худалдаанд олон жил ажилласан буурай ээждээ тэр зүгийн салхи мэдрэгдэх тийм л дууны шүлэг бичүүлэхээр захив. Иймээс яруу найрагч дууны хоёрдугаар бадгийг ийн эхлүүлжээ.
Хархираа шаргиж, Увс нь цалгиллаа ч эгшиг нь цэнхэртэнэ ээ
Цачмаг эгшиглэж бэргэд хөгжсөөр нутаг нь үгүйлбэл...
    Энэ дууны эзэн Бинээ гуай мөн клипэнд нь тогложээ. Түүнийг “Та уйлаарай” гэж хэлэхийн завдалгүй үр хүүхдүүдээ хараад л аньсага чийгтсэн байна. Мөн дуучин Хархираа Түргэнээс эх авсан хүрхрээний тэнд дуулж зураг авалтаа хийлгэсний дараа 2004 онд анхны үрийн зулайгаа үнэрлэжээ. Гэр бүл болсноос хойш олон жил хүүхэдтэй болж чадаагүй байсан тэрбээр үүнийгээ нутгийн уул усандаа очиж ээжийн тухай дуу дуулсных хэмээн бэлгэшээдэг аж. Тиймээс үргэлж нутаг усандаа залбирч явдгаа хуваалцсан бий.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевиз, "Дуу төрсөн түүх" нэвтрүүлгээс