images

“My Heart Will Go On”


     Найруулагч Жэймс Кэмерон “Титаник” киноны зохиолыг бичиж байхдаа дуучин Эниагийн (Enya) дууг их сонсдог байжээ. Тэгээд шинэ кинондоо хөгжим бичиж өгөхийг гуйсан боловч Эниа хүлээж авсангүй. Улмаар хөгжим бичих ажлыг алдарт хөгжмийн зохиолч Жэймс Хорнерт даалгав. Ж.Кэмерон уул нь кинондоо дуу бичүүлэхгүй, үггүй хөгжим явдаг байхаар бодсон байжээ. Гэвч Селин Дионы дуулсан “My Heart Will Go On” дууг сонсоод бодлоо өөрчилсөн байна. Энэ дуу нь яаж бүтсэн гэхээр Ж.Хорнер С.Дион болон түүний нөхөр, продюсер Ренэ Дион нартай Лас Вегаст уулзаад “Нэг кинонд хөгжим бичиж байгаа юм. Та хоёр сонсоод өгөөч. Болбол дуулаач” гэж гуйжээ. Буудалд ороод Ж.Хорнер төгөлдөр хуур дээр өнөө дууныхаа хөгжмийг тоглох төдийгүй өөрөө дуулж гэнэ. С.Дионд дуу огт таалагдсангүй. Бүр дургүй нь хүрч суужээ. Гэтэл нөхөр нь өөр бодолтой байв. Тэгж тэгж нөхөр нь Ж.Хорнерт “Ирэх сард бид хоёр Нью-Йоркт байна. Шинэ цомог бичүүлнэ. Тэр үед энэ дууг ямар ч байсан өөрийнхөөрөө нэг дуулах гээд үзээтхэе. Тэгээд найруулагчдаа үзүүлнэ биз” гэж хэлээд гарчээ.

     Сарын дараа Нью-Йоркийн студид Ж.Хорнер дууныхаа хөгжмийн бичлэгийг авч иржээ. С.Дион энэ тухай дурсахдаа “Хорнер зүгээр нэг бичлэг авчраад зогссонгүй. Киноны үйл явдал, тухайлбал “Титаник” хөлөг онгоцны сүйрч байгаагаас авахуулаад маш олон үзэгдлийг ярьж өгсөн. Өрөөний хаалган завсраар ус орж ирэхэд орондоо тас тэврэлдсэн хэвээрээ дуусч байгаа хижээл насны эхнэр нөхөр хоёр, үхэхээ мэдсэн ч хүүхдүүддээ бүүвэйн дуу аялж өгч буй эх гэх мэт. Би тэр бүгдийг дотроо төсөөлөөд, бичлэгийн үеэр кофе уудаггүй хүн чинь бүр хэдэн аяга чихэртэй кофе уучихсан байв. Намайг дуулж байхад “Sony” группийн томчууд бүгд дэргэд байлаа. Сод бүтээл төрж байгааг мэдсэн хүн тэдний дунд байгаагүй байх аа” гэжээ. Энэ нь туршилтын бичлэг байсан боловч чухам энэ дуулсан хувилбараараа уг дуу кинонд орсон түүхтэй. Дахиж бичээгүй гэсэн үг.    

     1997 оны 11 дүгээр сарын 18-нд “Sony Classical” компанийн гаргасан “Титаник” киноны дуутай диск дэлхий даяар 30 сая ширхэг борлогджээ. Ж.Хорнер уг дууны үгийг бичсэн Уилл Женнингсийн хамтаар хоёр ч “Оскар” авав. “My Heart Will Go On” дуу Америк, Европ, Азийн орнуудын шилдэг дууны жагсаалтын айргийн таваас буулгүй олон долоо хонов. Мөн тухайн жилийнхээ болон хойтон, тэрнээс ч хойтох жилүүдийн хөгжмийн салбарын аль өнгөтэй өөдтэй шагналыг түүжээ. Нэг ёсондоо түүхэн алдартай дуу болов. Селин Дионы дуулсан олон амжилттай дуунаас үүн шиг өндөр амжилт олсон дуу өнөө хэр үгүй юм.