images

“Дунгаамаа”


Д.Маамын шүлэг, Ц.Чинзоригийн ая “Дунгаамаа” дуу бүтсэн түүхийг хүргэж байна.

Хоног хоногийн хорвоодоо

Эргээд иржээ Дунгаамаа

Хотлын баярт миний л амраг

Дуулж л явна даа Дунгаамаа...хэмээн зохиолч Д.Маам гэргий Дунгаамаадаа зориулж энэ дууг бүтээжээ. Түүний эхнэр Монголын анхны дизайнер эмэгтэй байсан бөгөөд урт хар үстэй, гэгээлэг, их сайхан хүн байсныг зохиолч өөрөө төдийгүй тэдэнтэй ойр байсан дуучид, шавь нар нь өгүүлдэг. Д.Маам зохиолч энэхүү шүлгийнхээ талаар "Хүн хүндээ юм үлдээх хэрэгтэй, тэр дундаа бүтээл үлдээх хэрэгтэй" хэмээдэг байсныг хожим түүний эхнэр Дунгаамаа дурсаж байсан гэдэг. Эл дуунд зохиолч эхнэрийнхээ сайхныг магтахын сацуу өрөвч нинжин сэтгэл, ажил мэргэжил, зан байдлыг нь цөмийг нь дүрсэлсэн байдаг.  

     Дууны хөгжмийг Ц.Чинзориг зохиож биччихээд ямар дуучинд өгөхөө мэдэхгүй хадгалж байжээ. Тэр үед Ардын дуу бүжгийн чуулгын хажууд явж байгаад дуучин Д.Баасанжавтай тааралдан нэг уран бүтээл хамтарч гаргахаар тохиролцож, "Дунгаамаа"-гаас өөр нэгэн дуу өгч явуулж байв. Маргааш нь Д.Баасанжав хөгжмийн зохиолчийн гэрт нь очоод өнөөх дуугаа ярилцангаа "Дунгаамаа" нэртэй дууны талаар олж сонсоод ихэд сонирхож, дуулж үзмээр байгаагаа хэлтэл зөвшөөрчээ. Тэгээд Ц.Чинзориг шууд л Д.Маам зохиолч руу залган, дууныхаа эзнийг олсноо хэлээд Д.Баасанжавт "Энэ дууг дуулж яваарай, чамд сайхан зохих юм байна" гэж гэнэ. Д.Баасанжав орой гэртээ харимагцаа л давтаж дуулсаар бүрэн хэмжээний уран бүтээл болгож, дайны сэдэвтэй клип хийсэн нь их л хурдан түгсэн түүхтэй ажээ. 

Эх сурвалж: ergelt.mn